Улаангом-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй уржигдар шөнө 01.11 цагт амаржиж, 3.2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 83-48 УВС дугаартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан эмэгтэйг жолооч болон зорчигчид хамтран эх барьж авсан аж. Үүний дараа эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт шуурхай хүргэж, мэргэжлийн эмч нарын хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охин хоёрыг 18 нас хүртэл нь хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
Ташрамд дурдахад, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд өнгөрсөн оны аравдугаар сард мөн нэгэн хүүхэд мэндэлж байсан юм.
У.Цэцэг