“Тавантолгой түлш” ХХК-ийнхан оны өмнөхөн буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24- нд түлш савлах 25 кг-ын шуудай худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 24 тэрбум төгрөг гээд бод доо. Үүнээс энэ онд санхүүжүүлэх дүн нь 19.9 тэрбум төгрөг. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mnээр энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
Тендер гурван багцаас бүрдэх бөгөөд тухайлбал, “Багц-1” нь 8.4 тэрбум төгрөг гэж байгаа. Сонгон шалгаруулалтын баримт бичигт “Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бич, зөвхөн монгол хэлээр материал хүлээн авна. Оролцогчид 2022-2024 онд баталсан нийт төсөвт өртгийн 80 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна” гэхчлэн олон шалгуур үзүүлэлттэй байв. Ингээд тендер шалгаруулсны дараа эхний ээлжид тухайн аж ахуйн нэгжээс ажлын I таван хоногт нэг сая гэхчлэн нийт 35 хоногт 6 696 000 ширхэг шуудай нийлүүлэх тухай гэрээний нөхцөлд заасан байв.
Нийслэлчүүд өнгөрсөн сараас хагас коксон түлшний хэрэглээнд бүрэн шилжээд буй. Зуухаа шинэчилж, яндангаа мянга хөөлөөд, түлшээ хэдэнтээ сольж, урд хөршид үйлдвэрлүүлээд ч утаа буурсангүй. Энэ өвөл ч хот даяараа өмхий угаараар амьсгалсан хэвээрээ. Тэгсэн атал өнгөрсөн жилүүд дэх яндан зуухны шинэчлэл, түлш үйлдвэрлэл, тээвэрлэлтэд зарцуулсан мөнгө нь багадаад одоо бүр 24 тэрбум төгрөгөөр нүүрсний шуудай авах тендер зарласан ч байх шиг. Бид ийм баян хэрнээ зайрмагны иш, шүдний чигчлүүр мод, банз хадах төмөр хадаасаа ч үйлдвэрлэж чаддаггүй, хөөрхийлөлтэй импортлогч. Түлш савлах шуудайгаа хүртэл өөрсдөө оёчхож чаддаггүй, арчаагүй улс. Стандарт хангасан ганцхан үйлдвэр байдаг нь хүчин чадал муутайгаас шуудайн нийт хэрэгцээний ердөө 10-хан хувийг л хангадаг. Галлагааны улиралд тонн тонноор нь нүүрс түлдэг хэрнээ одоо болтол шуудайныхаа асуудлыг бүрэн шийдэж чадаагүй байна гэдэг ичгэвтэр. Энэ улсад ер нь эзэн гэж байна уу. Бүгд л дээр, дооргүй ийн дураараа авирлах болж. Нүүрснээсээ үнэтэй шуудай ч гэж юу байх вэ. Энэ талаараа албаныхан эрхбиш тайлбар өгнө гэж найдъя.
О.Ундрах