Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн байдаг. Тус бүс нутагт анх 11 янгир нутагшуулсан бол 2024 онд тоо толгойг нь 16-гаар нэмжээ. Тэгвэл өнгөрсөн жил “Монгол-99” төрийн бус байгууллагынхан биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Булган ууланд 21 янгир нэмж нутагшуулсан аж. Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд тоо толгой нь өссөөр, хамгийн сүүлд янгирын сүрэг таван төлөөр бүл нэмж, нийт 64 болжээ
Аймгийн Байгаль орчны газраас ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэгт 16 удаагийн биотехникийн арга хэмжээ авч, 1400 кг хорголжин тэжээл, 180 кг хужир мараа, долооц тавьж өгсөн гэнэ. Мөн тус газраас Чулуут голын сав газарт тул болон зэвэг, хадран загасны 320 орчим мянган жарамгай нутагшуулаад байгаа аж.
М.Гэгээ