Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил болж буй. Мөн Л.Өлзийсайхан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тиймээс Цэцэд хоёр гишүүнийг нөхөн томилох шаардлага гараад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгээс эл “мартагдсан” томилгоог яаралтай хийхийг сүүлийн хоёр долоо хоногийн турш шаардаж байгаа билээ. УИХ-ын дарга С.Бямбацогт ч шаардлага хангасан, мэдлэг, чадвартай хүмүүсийг судалж байгаа гэдгээ нэгдсэн чуулганы үеэр дуулгасан.
Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүнтэй. Тэднийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурваар нь санал болгож, парламентаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Дээрх хоёр гишүүнийг УИХ-аас нэр дэвшүүлж байсан учраас орны хүнийг нь парламентаас тодруулна гэсэн үг. Тэгвэл УИХ-ын даргын халаасанд хоёр хүний нэр яваа аж. Сонирхолтой нь, сөрөг хүчинд нэг квот олгох тухай тохиролцоо хийж буй гэсэн мэдээлэл байна. АН-аас УИХ-ын Тамгын газрын дэд дарга, прокурор асан Г.Эрдэнэбат, МАН-аас УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлэхээр ярилцаж буй гэнэ. Тэд хоёул хуульч мэргэжилтэй, энэ салбартаа болон улс төрийн тодорхой туршлагатай хүмүүс юм.