Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос энэ оны эхний таван сарын үнэт цаасны зах зээлийн тайланг олон нийтэд танилцуулав. Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеийнхээс 465.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнчлэн арилжаанд 797.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэний 69.2 хувь нь анхдагч, үлдсэн нь хоёрдогч зах зээлийнх байна. Үнэт цаасны гүйлгээний 16.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас , 15.2 хувийг хувьцаа, 13.6 хувийг Засгийн газрын, үлдсэнийг нь компанийн бонд эзэлж буй аж.
Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бонд, компанийн бүх төрлийн хувьцаа, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичиг болон Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нийцүүлэн тодорхойлсон баримтыг үнэт цаас хэмээдэг. Анхдагч зах зээлд компаниуд хувьцаа, бондоо бусдад санал болгож, арилждаг бол хоёрдогчид хөрөнгө оруулагчид бие биетэйгээ үнэт цаасаа солилцож, худалддагаараа онцлог юм.