Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Евразийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн чуулганы нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлага, эрдэмтэн, судлаач болон салбарын 200 орчим төлөөлөгч оролцож байна. Ази, Европын тэргүүлэх музейн удирдлагууд манай улсад анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр цуглаж байгаа нь уг арга хэмжээний гол онцлог юм.
Тав хоногийн турш үргэлжлэх эл чуулганаар Евразийн орнуудын музейн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ музейн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлж буй технологи, инновац болон нүүдэлчдийн өв соёлыг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр санал солилцох аж. Мөн чуулганы хөтөлбөрийн дагуу гадаадын зочид, төлөөлөгчид Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт газрууд болон соёлын өвийн томоохон төвүүдтэй танилцахаар төлөвлөжээ.
У.ЦЭЦЭГ