Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагааг энэ сарын 20-ноос албан ёсоор эхлүүллээ. Үүний үр дүнд стратегийн ордуудад түшиглэн үндэсний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжиж, дотоодын нөөц боломждоо тулгуурлан хариуцлагатай уул уурхайг хөгжүү лэх таатай боломж бүрдэж буйг Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр онцоллоо.
Бортээгийн орд 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бол эл төслийг хариуцаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэнэ. Олборлолтын эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь манай улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай дүйцэхүйц дүн аж. Түүнчлэн олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтэд үндэсний компаниудыг оролцуулснаар 10.2 их наяд төгрөгийг дотооддоо үлдээж, говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр бий болгох тооцоо гаргажээ.
Бортээгийн ордын олборлолттой зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын БДО аудитын байгууллага болон Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ нь Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох ажлын эхлэл гэнэ.