Хүний их эмч, доктор Ж.Амарсанаагийн санаачилсан Транс тосны хяналтын тухай хууль батлан, хэрэгжүүлэх цахим өргөдөлд гарын үсэг зурахыг олон нийтэд уриалан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг төслийг нийтийн өргөдөл, гомдлын систем (D-Өргөдөл)-д байрлуулснаас хойш 7000 орчим хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хугацаа дуусахад 12 өдөр үлдсэн тул иргэдийг цахимаар нэгдэхийг тэрбээр хүсэв.
Найман жилийн өмнөөс боловсруулсан, 12 бүлэг бүхий уг хуулийн төсөл нь хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосонд хяналт тавих, шошгожилтыг сайжруулах, импорт болон хэрэглээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой аж. Хүний биед хуримтлагддаг транс тос (тухайлбал маргарин) нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалт зэрэг халдварт бус өвчний голлох шалтгаан болдог байна.
Манай улсад транс тосыг нарийн боовны салбарт хамгийн их хэрэглэдэг аж. Энэхүү хуулийн төсөлд транс тосыг ДЭМБын зөвлөмжийн дагуу хоол хүнсэнд хэрэглэж буй нийт тосны хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс сургууль, цэцэрлэг болон нийтийн хоол үйлдвэрлэлд транс тос ашиглахыг 100 хувь хориглосон заалт оруулжээ.
Б.Ариунжаргал