Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч, Гавьяат эдийн засагч Б.Лхагважавтай татварын хуулийн шинэчлэл болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж байна. Үүнд Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгыг дээшлүүлэх зэрэг цөөнгүй заалт багтаажээ. Хуулийн шинэчлэлийг хэрхэн харж, ямар хүлээлттэй байна вэ?
-Татварын тухай хуулийн 2019 оны өөрч лөлтөөр 300 сая төгрөг хүртэл татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжүүд өдгөө нэг хувийн татвар төлж буй. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн татвар ногдуулж, түүнийхээ 90 хувийг буцаан олгодог болсон.
Үүний үр дүнд цар тахлын үеэр аж ахуйн нэгжийн орлогын татвар төвлөрүүлэлт төдийлөн буураагүй. Нөгөөтээгүүр, цалингаас өөр орлогогүй иргэнээс Хүн амын орлогын албан татварт 10 хувийг нь суутган авч байгаа нь шударга биш. Үүнийг бууруулах нь зүйтэй. Мөн дээрх шинэчлэлд гаалийн байгууллага НӨАТ ногдуулж, төвлөрүүлдгийг болиулахаар оруулж байгаа юм. Тус байгууллагын нийт орлогын 80 орчим хувь нь татвараас бүрддэг. Үүнийг болиулж, зөвхөн хяналт шалгалтад анхаарлаа хандуулах орчин бүрдүүлэх нь зөв. Гаалийн байгууллага татвар ногдуулдаг уч раас гаалиар оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээг худлаа мэдүүлж түүнээс зайлсхийх, мөн авлига цэцэглэх нөхцөл болдог. Үүнээс гадна НӨАТ-ын тайланг сар бүр гаргадгийг хоёр сар болгон сунгах, татварын буцаан олголтыг оны эхний хоёр сард бус, хагас жилд багтаан бүрдүүлж авах зэрэг зохицуулалт оруулахаар тусгасан байна билээ. Татварын реформ шинэчлэл гэхээс илүүтэй, хуульд “косметик засвар” оруулах нь гэж харж байна.
-Хуулийн реформ биш, “косметик засвар” гэлээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая болгон нэмэгдүүлж, бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүү лэх боломж бүрдүүлнэ гэж байна. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгон бууруулах зэрэг санал тусгасан. Эдгээр нь заавал авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн боловч татварын реформ болж, дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Ерөөсөө татварын хувь хэмжээтэй холбоотой асуудалд мөнгөн дүн заах нь буруу. Татварын хэмжээг инфляц, ажилгүйдлийн түвшин, валютын ханшийн өөрчлөлттэй уялдуулж томьёогоор зохицуулах нь зүйтэй. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд инфляц, төгрөгийн ханшийн уналт, зээлийн хүү зэрэг макро эдийн засгийн нөхцөл шууд нөлөөлдөг. Өндөр инфляцтай, эдийн засгийн нөхцөл тааруу ийм үед тогтмол, их хэмжээтэй татвар авсаар байх нь дээрэм л гэсэн үг. Олон улсад татварын буцаан олголт нь тун шуурхай бөгөөд ногдуулсан татварыг бүхэлд нь иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд зарцуулахаар зохицуулсан байдаг. Манайх хувь хүний орлогын албан татвараас буцаан олгодог ч “цаг хугацааны хайчинд” орчхоод иргэдэд хүндрэл учирдаг. Тодруулбал, тухайн жилийн татварын буцаалтын тайланг дараа жилийнх нь хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлэх ёстой. Гэтэл энэ үед компаниудын тайлан гараагүй байдгаас шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж амждаггүй. Үүнээс гадна татварын шүүхтэй болох шаардлага бий. Заавал татварын биш, эдийн засгийн шүүх ч гэж болно. Татварын хуулийг шинэчлэхээр сүүлийн гурван Засгийн газар дамжин оролдлого хийлээ. Хэрэв хуулийн шинэчлэлээ яаралтай баталж, ирэх долдугаар сарын 1-нээс мөрдүүлж чадахгүй бол улам сунжирч, нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт гарахгүй удна.
-НӨАТ-ын өр улам ихсэж, иргэд, аж ахуйн нэгжүүд түүнийг төлөхдөө хойрго хандах, бүр эсэргүүцэх ч болсон. Татвар тайлагнах хугацааг нь сунгалаа гээд өөрчлөлт гарах уу?
-Ер нь татварын дараах орлогоос ахин татвар авахгүй байх олон улсын жишиг бий. Гэтэл иргэдийн татвараа төлөөд гар дээрээ авсан цалин, орлогоос худалдан авалт бүрээр нь НӨАТ авчихдаг. Энэ бол татварын давхардал. Тиймээс НӨАТ-ын буцаалтыг аль болох өндөр хувиар буюу 100 хувь буцаах шаардлагатай. Одоо бол НӨАТ-т төлсөн мөнгөнийхөө 20 хувийг нь буцаан авдаг. Үүнийг 70, 80 бүр 100 хувь болгох хэрэгтэй. Тэгж байж НӨАТ-ын системийн тусламжтайгаар бүх бараа, үйлчилгээг бүртгэн, эдийн засгийн ил тод байдлыг бий болгохын зэрэгцээ түүнийг төлөгч эцсийн хэрэглэгчдэдээ ээлтэй байх боломж бүрдэнэ. 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн, НӨАТ-ын тухай хуулиар төсвийн бүрдүүлэлт өссөн. Тухайн үед буюу 2016 оны эхээр 1600 кассын, 14 000 пос машин байсан. 2017 онд кассын болонпос машины тоо 200 000 болж өссөн. Одоо бол 350 000 цэгт жилд нэг тэрбум гаруй баримт хэвлэж байна. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар бүрдсэн татварын эрүүл систем. Цаашид уг системийн үүргийг илүү сайжруулах, мөн иргэдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор буцаалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн 10 жилээр харахад жил бүр татварын орлого өсөж ирсэн. Үүнд НӨАТ болон нүүрсний борлуулалтын орлого үнэмлэхүй жин дардаг. Б
БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООС НЬ ШУУД АВДАГ АМНАТ БОЛ МАШ ХАРГИС ТАТВАР
-Та Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Борлуулалтын орлогоос шууд авдаг АМНАТ бол маш харгис татвар шүү дээ. Манайх үүнийг цэгцлэх шаардлагатай. АМНАТ зөвхөн “Оюутолгой” компанийн хувьд яригддаг асуудал ч биш. Байгалийн баялаг олборлож буй бүх компанид хамааралтай. Бас АМНАТийг татвар гэх үү, төлбөр гэх үү, хураамж гэх үү хуулийн нэршил, ойлголт, хувь хэмжээнд ч асуудал бий. 1993 оны гуравдугаар сард энэ талаар Ерөнхийлөгч П.Очирбат хөндөн, Үндсэн хуулийн цэцэд хандсан ч, өөрчлөлт гараагүй өдий хүрчээ. Тиймээс эхлээд АМНАТ нь татвар уу, төлбөр үү гэдгийг шийдэх шаардлагатай гэсэн үг.
-“Оюутолгой” компанид давуу эрх олгох зорилгоор АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулах нь гэсэн хардлага бий. Тус компанитай манай улс татвар болон гэрээний хэрэгжилт, санхүүжилт, зээлийн асуудлаар маргаантай хэвээр л байна.
-“Оюутолгой”-н гэрээг байгуулахад улсаараа, тухайн үеийн Засгийн газар болон УИХ-ын гишүүд, төрийн албаныхан бүгд зөвшөөрсөн юм шүү. Гэрээгээ сайжруулаач, илүү нарийвчлан хэлэлцээч гэж улсын хэмжээнд 10 гаруй хүн л дуугарсны нэг нь би. Нэгэнт гэрээ байгуулсан бол талууд гэрээний үүргээ биелүүлэх, харилцан хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллах ёстой. Галт тэрэг хөдөлсөн. Тухайн үеийн нөхцөл байдлыг ч ойлгох учиртай.
-Та “Оюутолгой”-н гэрээг байгуулахыг эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм байна. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй гэлээ. Энэ талаараа тодруулж өгөөч.
-2003 оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-д төлөх 9 тэрбум ам.доллароос 250 сая ам.доллар нь төлчих тэгээд өрийг чинь цайруулъя, энэ сардаа багтаа гэж хойд хөршийнхөн дуулгасан. Улсынхаа “бүх халаасыг” шавхаад бид 200 сая л гаргасан. Тэгээд 50 саяыг Роберт Фридландаас хүүтэй зээлсэн түүхтэй. Ингэснээр “Оюутолгой” ордыг Роберт Фридланд түрүүлж сонирхож, асуудалд давуу эрхтэйгээр оролцох боломж олгосон юм. Хэн ч биднийг хүчлээгүй, тэр үеийн нөхцөл байдал л тэгж өрнөсөн. Үнэндээ сүүлийн 10 гаруй жил Эрдэнэт, Оюутолгойн зэс, алтны орлогоор л бид амьдарч байна. -Төсвийн орлогод том компаниудын татвар л чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжээс татвар авахаа больё. Жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдийнхээ санхүүгийн чадавхыг дээшлүүлэхийн тулд татвараас чөлөөлье гэх боллоо. -Чинээлэг давхарга, том компаниуд л татвар төл гэвэл ташаа ойлголт болно. Ингэвэл бүр гажуудал үүснэ. Иргэн, аж ахуйн нэгж бүр олсон орлогодоо ногдох татварыг төлөх үүрэгтэй. Харин татварын орчин эрүүл, татвар төлсний хэрээр үр шимийг нь хүртдэг, татвар нь дарамт болдоггүй байвал зохино. Ер нь татвар төлсөн нь ч, татвар хурааж авсан нь ч сэтгэл хангалуун байдаг, алтан дунджийг олж татвар тогтоодог. Улс нь татвар хэлбэрээр иргэдээсээ мөнгө зээлээд дараа нь нийгмийнхээ хэрэгцээнд зарцуулдаг гэж ойлгож болно.
-Татварын өрийг даръя, нэг удаадаа эдийн засгийн өршөөл үзүүлье гэх санаа ч цухалзах болсон. Үүнтэй санал нийлэх үү?
-2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж байв. Тухайн үед бүртгэлтэй 200 000 орчим компаниас 17 000 компани 34 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ил болгосон. Ингээд 2016 онд НӨАТ-ын хуулийг мөрдүүлж эхлүүлснээр эдийн засагт 17 тэрбум ам.долларын ажил, үйлчилгээг бүртгэсэн хэрэг. Энэ бол том амжилт.
Хэрэв төрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, эдийн засагт хохирол учирч байгаа бол татварын өрийг тэглэх асуудлыг ярих нь зүйтэй. Төрөөс, төрийн албаныхны зүгээс үргэлж зөв шийдвэр гаргаад байхгүй. Алдаа гарч болно. Цаг хугацааны эрхээр нөхцөл байдал өөрчлөгдөж болохыг ойлгох нь зүйтэй.
САНАМСАРГҮЙГЭЭР СОНГОСОН 1580 ИРГЭНИЙ ТАЛ НЬ 770 000 ТӨГРӨГӨӨС БАГА ОРЛОГОТОЙ БАЙСАН
-МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, ер нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинд ямар хүндрэл тулгарч байна вэ?
-Иргэд бизнес эрхлэхээс, ажлын байр бий болгохоос цааргалж байна. Жишээлбэл, 100 сая төгрөг зээлж ажил эхлүүллээ гэхэд жилийн бараг 20 хувийн хүү төлнө. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлбэл жилийн хүү 40 орчим хувь болно. 100 сая төгрөг зээлсэн хүн даруй 40 саяын өрөнд нэмж орж байгаа хэрэг. Үүн дээр хүн цалинжуулна, татвар төлнө. Ийм зүйл хэн ч хийхийг хүсэхгүй, тиймээс манайд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм. Мөн ядуурал гаарч, түвшин нь тасралтгүй өсөж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн ордонд баялгийн сангийн тухай зөвлөлдөх санал асуулга хийхээр 1580 орчим хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, судалгаа хийжээ. Эдгээр иргэний 47 хувь нь 770 000 төгрөгөөс бага орлоготой гэж мэдүүлжээ. Үндэсний статистикийн хорооны судалгаа шүү дээ. Түүврийн аргаар сонгосон хү мүүсийн 50 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой гэдэг нь манай улсын эдийн засаг маш эмзэг байгааг харууллаа. Магадгүй үүнээс шалтгаалан зөвлөлдөх санал асуулгыг цуцалсан байх.
Түүнчлэн сүүлийн 10 жилийн дэлхийн болон дотоодын санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан манай аж ахуйн нэгжүүд зүгээр л “субботник” хийжээ. Макро түвшинд маш их мөнгө хэвлэж, эрх мэдэлд ойрхон хүмүүс нь хүү багатай зээл авч, бас ам.долларын ханш яаж цойлсныг хэлэх ч юм биш. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд хуримтлал огт цуглуулсангүй, эдийн засгийн хувьд бэхжиж чадсангүй.
-Цаашдаа яавал дээр вэ. Ямар гарц гаргалгаа байгаа бол?
-Хүмүүст, бизнес эрхлэгчдэд ямар ч урам алга. Ажлын байр бий болгох, баялаг бүтээх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах сан гэж боддог, бизнес эрхлэгчид эрс цөөрсөн. Үүнд цөөнгүй шалтгаан нөлөөлж буй боловч шударга бизнес эрхлэх, татварын орчин эрүүл, дарамтгүй байх зэрэг нь алдагдсантай холбоотой. Төрийн болон хуулийн институт нь мафижсан, гажуудсан төрийг, төрийн эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг болсон.
Бизнес, эдийн засгийн орчинд идэвхтэй ажилладаг, шударгаар татвар төлдөг нэг сая гаруй иргэн, аж ахуйн нэгж байна. Гэтэл тэдний өгсөн татвар төрийн албан хаагчид болон МАН, АН-ын гишүүн нийт 700 000 гаруй хүнийг тэжээдэг болчихсон. Энэ бол бид системийн хувьд мухардалд орсны илэрхийлэл. Тиймээс Үндсэн хуулийг ч, бусад дагалдах хуулийг ч өөрчилж, системийн хувьд шинэчлэл хийж байж үр дүн гарна. Хаана хаанаа, салбар бүрдээ, хүн бүр бодож, санаагаа шингээж, зөвлөлдөж байж дорвитой үр дүнд хүрнэ.