Манай улсын мөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9, харилцах 2.9, валютын харилцах 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөө банканд хадгалах сонирхол өндөр буй юм. Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наядад хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн гэнэ. Төгрөгийн хадгаламжийн 22.8 их наяд төгрөгийн 81 хувь нь иргэдийн, үлдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагынх хэмээн ҮСХ-ны мэдээлэлд дурджээ. Мөн валютынх 5.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оныхоос 4.2 хувиар өссөн дүн аж. Мөнгөний нийлүүлэлтийг тооцохдоо хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах данс, хадгаламжийн гэрчилгээний нийлбэрээр тооцдог байна.
Харин нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 47.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 17.1 хувиар өсжээ. Тухайлбал, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэд, үлдсэн нь бусад байгууллагынх юм. Үүнээс 92 хувь нь хэвийн, 2.7 хувь нь анхаарал хандуулах, бусад нь чанаргүй зээл аж. Ташрамд, иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын нэг нь чанаргүйг банкны салбарын тайланд онцолж байв.
Д.Хэрлэн