Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Уны эргэн тойронд оньсого мэт зүйл олон бий. Түүний дотор ээжтэй нь холбоотой мэдээлэл тун ховор байдаг нь анхаарал татдаг. 15 жил төрийн эрх барихдаа хүү нь тэр хүний тухай ер дурсаж байсангүй. Тэр бүсгүйг Ко Ён Хи гэдэг байсан бөгөөд түүний талаар ам нээхдээ дургүй байсаар ирсэн нь гарал үүсэлтэй нь холбоотой аж. Тэднийхнийг нийгмийн тааруухан анги давхаргаас гаралтай гэж үздэгээс гадна өөрийг нь “нууц амраг” гэж тооцдог байснаас аль ч талаараа тухайн дэглэмд аюултай гэж болгоомжилдог байж.
Намтар судлаачдын олж тогтоосноор Ко 1952 онд Японы Осакад Пёньяны үздэгээр дайсагнасан газар нутаг болох өнөөгийн Өмнөд Солонгосын Чежү арлаас гаралтай айлд төржээ. 1910-1945 онд япончууд Солонгосыг колоничилж байх үед эднийх Японд очсон цагаачид байв. Тэднийг Умард Солонгост ирсний нь дараа сэжиглэнгүй ханддаг байсан нь хөрш капиталист орноос “авчирсан” бэлэн мөнгөтэй, хувцастай, ахуйн техниктэй нь холбоотой байлаа. Нийгмийн ялгарал ихтэй Умардад цагаач солонгосчуудыг үндсэн болон дайсагнагч ангийн завсрын давхарга гэж үзнэ. Тэдний араас төрийн зүгээс хатуу чанга хараа хяналт тогтоож, нэр хүндтэй их, дээд сургуульд оруулах, ирээдүйтэй ажлын байранд авахаас татгалздаг байв.
Ког 10 орчим настай байхад эднийх Умард Солонгост цагаачилж иржээ. 1959-1984 онд “Газрын диваажин” хэмээх эргэж ирсэн хүмүүсийн эрүүл мэндийг нь үнэ төлбөргүй хамгаалж, боловсролтой болгон, ажлаар хангах хөтөлбөрийн хүрээнд Японоос коммунист байгууллагатай улс руу 93 мянга орчим солонгос хүн шилжиж ирсэн байна. Тухайн үеийн удирдагч Ким Чин Ирийн анхаарлыг татсанаар цагаачилж яваад буцаж ирсэн олон солонгос хүнд ногдсон ядуу, зүдүү байдлаас зайлсхийх хувь заяа Ког угтаж авчээ. Ким Чен Ир гэргийгээ олон түмэнд ер огт танилцуулж байгаагүй ч тэрбээр цэргийн өндөр албаны хүний охин Ким Ён Суктай гэрлэснийг нь тогтоож чаджээ. Энэ бүсгүйг эцэг Ким Ир Сен нь сонгож өгсөн аж.
Японы сэтгүүлч Ёзи Гоми бичиж, 2025 онд хэвлүүлсэн номд өгүүлснээр дээдсийн уран сайхны “Мансудае” хамтлагийн гишүүн асан Ко төрөлхийн гоо үзэсгэлэн, бүжгийн авьяас чадвараараа Кимийн хараанд өртсөн байна. Хэдийгээр эрхэм дээд удирдагчийн гэргий нь болоогүй, тэдний хэлхээ холбоог тухайн дэглэм хүлээн зөвшөөрөөгүй ч Гомигийн бичсэнчлэн Ко “Золушка шиг амьдарсан” аж. Ким Чен Ир хэдийн албан ёсны гэргийтэй болсон ч Код ихэд сэтгэл татагдаж, Ко ч хожим нь улс төр сонирхох болжээ. Кимийн хууль ёсны гэргий нь Пёньянд, Ко гурван хүүхэдтэйгээ нийслэлээс 210 километр зайд далайн эргийн Вонсан хотод аж төрдөг байлаа. “Ким Жөн Ун албан ёсны гэргийнх нь хүүхэд биш, үнэн хэрэгтээ Когийн “хууль бус хүү нь” гэж Умард Солонгосын судалгааны холбооны шинжээч Ким Хён Су ярьсан байдаг.
Гэр бүлээс гадуур төрсөн хүүхэд Умард Солонгосын итгэл үнэмшил ёсоор нийгмийн асар хүчтэй ялгаварлалыг амсдаг. Ким Жөн Ун нийслэлээс хол зайд өсөж өндийсний бас нэг шалтгааныг мөнөөх Японы сэтгүүлч Гоми өгүүлсэн байх юм. Вонсан, Япон хоёрын хооронд усан онгоц явдаг байснаас ээж нь энэ хөлгөөр ирсэн хү мүүстэй уулзахад төвөггүй, япон бараа ч олоод авчихдаг байж. Ко Японд байх гэр орноо үгүйлж, хүүхдүүддээ япон хэл сургасан хэмээн Гоми өгүүлсэн байдаг.
1988-2001 онд Ким Чен Ирт үйлчилж байсан Кенжи Фүжимото өөрийн бичсэн номдоо Ким Жөн Ун “япон дуу сайн дуулдаг”, “Японы хөгжингүй эдийн засагт атаархдаг байсан” гэж өгүүлжээ. Тухайн үеийн албан ёсны хүмүүсийн хэлснээс эш татан Японы хэвлэлүүдэд өгүүлснээс үзвэл Ким Жөн Ун ахтайгаа хоёул “Токиогийн Диснейлэнд”-д очиж байжээ. Ко ч тусдаа нарийн бичгийн даргатайгаа Япон руу бас очиж байв.
Умард Солонгосын дипломатч, одоо гадаадад аж төрж буй Рю Хён Ву “Ким Жөн Уны нууц” номдоо “Ко Ён Хиг Ким Ир Сен бэрээ гэж ер хүлээн зөвшөөрч байгаагүй” гэж бичсэн байх юм. Ко хэрэв эцгийнх нь сэтгэлд нийцсэн бол Ким Ир Сен болон ач хүү Жөн Ун нарын зураг хаа сайгүй байх ёстой гэж доктор Чон Сон-Чан ярьсан байдаг.
Гэлээ ч Ким Чен Ирийн итгэлийг Ко хүлээж тус улсын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж, нөхрөө дагалдан явж, түүний хүрээллийнхэнтэй нөхөрлөж байжээ. Түүгээр ч барахгүй улс төрийн шийдвэр гаргахын өмнө түүний бодлыг Ким асуудаг байв. 2011 онд Ким Чен Ирийг нас барсны дараа хийсэн албан ёсны баримтат кинонд Ко тухайн үеийн дээд удирдагчийн хамт улс орноороо явж буй дүрс бичлэг бий ч түүний нэрийг ч, нийгмийн статусыг нь ч ер хэлдэггүй байж. Уг баримтат киног ч олон түмэнд үзүүлдэггүй, зөвхөн намын өндөр албаны хүмүүст л толилуулдаг байснаа хожим нь жирийн иргэдийн хүртээл болгосон гэнэ. Нууц амрагаас нь төрсөн, Ким Чен Ирийн бага хүү яаж яваад эрх мэдлийг нь өвлөж авав. Намтар судлаачдын үзэж буйгаар Ко эрх мэдлийг өвлүүлэхэд хүү Ким Жөн Уныг маш идэвхтэй бэлджээ. Ко-гийн дүү охин нь Ким Жөн Уныг Умард Солонгосын дараачийн удирдагч болохгүй бол энэ айлд аюул нүүрлэнэ гэж хэлсэн хэмээн ахмад сэтгүүлч Анна Фифилд “Аугаа залгамжлагч: Ким Жөн Уны дэвшиж, засагласан нууц” гэдэг номдоо бичсэн байна.
Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам өөрчлөлт шинэчлэлтийн төлөө тэмцэх болсноос эцгийнхээ ивээл, итгэлийг хүлээхээ эрт больсон хэмээн олон жил түүнтэй цахим захидлаар харилцаж байсан хатагтай Гожи дурссан юм. Хилийн чанадад олон жил суралцсан нь Ким Чен Намын улс төрийн үзэл бодол төлөвшихөд нөлөөлсөн байх боломжтой аж. Тэрбээр англи, франц хэл сайтай байв. Бас мөрийтэй тоглоомын газраар байнга ордог, дээдсийн маягаар амьдрахыг эрхэмлэдэг нэгэн гэнэ. Ко Ён Хи хүүхдүүдээ өв залгамжлагч болгохоор бэлтгэж байсан гэх боловч ууган хүү Чон Чхоль нь мансууруулах бодист хэт татагдсаны улмаас ийм боломжгүй болсон гэж дипломатч асан Рю номдоо өгүүлжээ. Чон Чхоль нэгэнтээ үүр шөнөөр хаалгыг нь нүдэж, хар тамхи нэхсэн гэж Рю ярьсан байна. Залгамжлагч болох чадал чансаа, тавьсан зорилгоороо Ким Жөн Ун эцгийнхээ санаанд ихэд нийцсэн гэж шинжээчид үздэг. Ким болон ахыг нь Швейцарт сурч байхдаа харж хандаж байхыг Ко эгчдээ болон нөхөрт нь үүрэг болгосон ч тэд 1998 онд АНУ руу зугтаж, удалгүй Ко хөхний хорт хавдартай нь илэрсэн байна. 2016 онд “Washington Post” сонинд бичсэнээс үзвэл тэд сэтгүүлчийн асуултад хариулахдаа Умард Солонгосын дэглэм тэднийг хайхрахаа болино гэж бодож явдгаа хэлжээ. Ким Жөн Ун залгамжлагч болсон ч гэлээ тэдний энэ бодол бас үндэслэлтэй байв. Ким Жөн Ун эрх мэдэлд хүрснээс хойш нэг нагац нь цаазлагдаж, Чен Нам Малайзад алагдсан юм.
Ким Чен Ирээс өмнө Ко өөд болжээ. Харин түүнийг Парисын нэг эмнэлэгт амьсгал хураасан тухайд Умард Солонгосын төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ам нээсэнгүй. Шинжээч дийн үздэгээр Ким Жөн Уны гарал үүслийн талаар чимээ анир багатай байдаг нь түүний төрсөн өдрийг үндэсний баяр болгож зарлаагүйн шалтгаан байж болох. Өвөө, эцэг хоёроосоо үүгээрээ ялгаатай байдаг юм. Түүний төрсөн тухай асуудалд илүү тэй анхаарах нь эхийн болон Ким Жөн Ун нийслэл хотоос хол газар өсөж торнисон талаарх эгзэгтэй асуудлыг сөхөхөд хүргэж ч болзошгүй. “Үнэнийг сөхөх нь эргэлзээг ойн түймэр шиг түгээж болзошгүй” гэж нэгэн судлаач хэлсэн байдаг. Умард Солонгосын эрх мэдлийн оройд байгаа ч гэсэн цагаач солонгосчуудтай хэлхээ холбоотойгоос болоод Ким Жөн Уны гарал үүсэл нь түүнийг нийгмийн харьцангуй доод түвшинд аваачаад тавьчих магадлалтай гэж дипломатч асан Рю бичсэн аж. Ким Жөн Уны гарал үүслийн эргэн тойронд байгаа нууцаас шалтгаалж тэрбээр өөрийн гэргий Ли Соль Чуг эрх баригч болоод тун удаагүй байхдаа олон түмэнд танилцуулсан байж ч болох юм. Тэгээд ч өсвөр насны охин Чу Эгээ залгамжлагчаа болгохоор бэлтгэж буй шүү дээ гэж Чон бичжээ. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагад байгаа баримтаар бол уран бүтээлийн нэр хүндтэй хамтлагийн дуучин байсан Ли Пёньяны дундаж гэр бүлээс гаралтай аж. Түүний эцэг нь их сургуулийн профессор байсан хэмээн зарим мэдээлэлд дурдаж байв. Төр нь охиныг нь сонгодог дуучин болгохоор Хятад руу сургуульд явуулжээ.
Ким Жөн Ун эхийнхээ гарал үүслийг хэзээ ч юм бэ дэлгэх болов уу. Умард Солонгосын өнөөгийн суртал нэвтрүүлгийн машины хувьд энэ бол тун амаргүй зорилт байх болно.
Р.Жаргалант