АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ дахь бүлгээс нь төрийг цомхон байлгах, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөө олгох, татвар бууруулах, засаглал хоорондын эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг засах зорилгоор санаачилсан хуулиудаасаа танилцуулав. Эдгээрийн заримыг хэдэн парламент дамнуулан хэлэлцэхгүй байгаа, заримыг нь Засгийн газраас ижил агуулгатай төсөл оруулж ирж, “саармагжуулсан” тухай тэд ярьсан юм. Үзэл санаа нь бүрэн биш ч тодорхой хэмжээнд ахиц гарч буй учраас тэд дэмжсэн гэдгээ хэлнэ лээ. Тухайлбал, Ж.Баярмаа гишүүний санаачилсан хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хууль. Засгийн газраас ижил агуулгатай хууль өргөн барьсан тул хэлэлцүүлгийн явцад төслүүдийг нэгтгэсэн. Ингэхдээ зөвхөн хоёр сая хүртэлх цалинд дээрх татварыг нэг хувь болгон баталж, хэрэгжүүлэх хугацааг нь 2028 оны нэгдүгээр сар гэжээ.
Б.Түвшин тэргүүтэй 40 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг А.Ариунзаяа нарын болон Засгийн газраас өргөн барьсантай нэгтгэж баталсан. Б.Түвшин гишүүний хувьд хоол, унааны зардлаас нийгмийн даатгалын шимтгэл авдгийг зогсоох, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс Иргэний болон Хөдөлмөрийн хуулийг үндэслэн хоёр удаа шимтгэл авдгийг болих агуулга тусгасан байжээ. Мөн албан байгууллагууд иргэнийг ажлын байраар хангасныхаа төлөө шимтгэл төлж, “шийтгүүлдгийг” зогсооё гэсэн байна. Гэвч ажлын хөлсний гэрээнээс нэг удаа шимтгэл авна гэдэг санаа нь л хуульд туссан аж. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг АН-аас санаачилсны дараа Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан тул нэгтгэж хэлэлцсэн.
Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуулийн төслүүдээс парламентын мэтгэлцээний цагтай болох санаа нь хэрэгжсэн ч спикер нам бус байх, эрх мэдлийн хуваарилалтын алдааг засахын тулд Ерөнхий сайдыг чуулганы танхимд тусгай индэрт бус, гишүүдтэй зэрэгцүүлэн суулгах агуулга бүхий төслийг нь мөн л баталсангүй. Уг асуудлыг хэд хэдэн чуулган дамнуулан хойшлуулж буй юм. АН-ын дарга О.Цогтгэрэл “Эрх баригчдад бидний дэвшүүлсэн үзэл санааг хэрэгжүүлэх хүсэл алга. Тиймээс хагас дутуу дэмжсэн болж аргацааж байна. ХАОАТ-ыг хоёр сая хүртэлх цалинд нэг хувь болгох хуулийг 2028 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ гэсэн нь үүний жишээ. Хэрэгжихээс нь өмнө хүчингүй болгохыг үгүйсгэхгүй. Өмнө нь НӨАТ-ын тухай хуулийг баталчихаад хэрэгжихээс нь өмнө цуцалсан шүү дээ” гэлээ. АН-ынхан дэвшүүлсэн үзэл санаагаа 100 хувь ажил хэрэг болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллах аж.