УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт завсарлуулав. Чуулганыг Н.Учрал нээж, С.Бямбацогт хэмээх УИХ-ын дарга хаасан юм. Үүгээр нийт 278 хууль, тогтоолыг хэлэлцэн баталсан аж. Анхдагч хэмээх тодотголтой хуулийн төслүүдийг сүүлийн үед гишүүд нэлээд өргөн барих болсон. Тэгвэл 18 анхдагч хууль баталсны дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль багтжээ. Манай улсад цөлжилт, ган, зуд зэрэг байгалийн сөрөг үзэгдэл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй. Мөн дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаар манай улсад чуулахын өмнө ийнхүү Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийг баталсан аж. Мөн нийт 188 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “засвар” хийсэн байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт спикерээр 90 хоног ажиллажээ. Ингэхдээ ирц, оролцоог сайжруулахын төлөө ажилласан нь үр дүнд хүрсэн гэв. Гишүүдийн ирц, оролцооны тухай нарийв чилсан мэдээллийг нийтэлж эхэлснээр иргэдийн хяналтыг сайжруулж, нээлттэй парламентын эхлэлийг тавьсан гэсэн юм. Хаврын чуулганыг хаахын өмнөх өдрүүдэд хуулиудыг “бөөндөн” баталсан. Үүний дотор Нийгмийн даатгалын ерөнхий, Эдийн засгийн эрх чөлөөний, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын зэрэг хүлээлттэй байсан хуулиуд багталжээ.
С.Уул