2014 онд илрүүлсэн “XLSSC 122” галактикийн бөөгнөрлийг “Уэбб” сансрын дурангаар нарийвчлан судлах ажлын хүрээнд 10 тэрбум гаруй жилийн өмнөх болохыг нь тогтоосон талаар АНУ-ын Одон орон судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “The Astrophysical Journal Letters” сэтгүүлийн өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногийн дугаарт нийтэлжээ. Эрдэмтэд “Сансрын хувьслын онолын дагуу том галактикийн бөөгнөрөл орчлон ертөнцөд 10 тэрбум жилийн тэртээд буюу Их тэсрэлтээс 3.8 тэрбум жилийн дараа үүсэж эхэлсэн. “Төрснөөсөө” хойш хэлбэржиж, өөрийн төрхөө олтол хэдэн тэрбум жил зарцуулдаг. Гэтэл “XLSSC 122” галактикийн бөөгнөрөл 10.4 тэрбум жилийн өмнө хэдийн оршин байсныг тогтоолоо. Энэ нь зарчмын хувьд онолуудтай зөрчилдөж байна. Тэгэхээр эл нээлт сансрын хувьслын онолыг өөрчлөх, шинэчлэх шаардлагатайг харуулж байна. Гэсэн хэдий ч энэ нь тохиолдлын зүйл биш гэдгийг нотлохын тулд илүү төстэй бүтцийг олох шаардлагатай” хэмээжээ. Түүнчлэн “XLSSC 122” нь сансрын уудмын хамгийн алслагдсан таталцлын линз бөгөөд харагдах боломжгүй, илүү алслагдсан галактикуудын гэрлийг “олшруулдаг” болохыг тогтоожээ. Ингэснээр энэхүү бөөгнөрлийг ашиглан орчлон ертөнцийн хамгийн эртний галактикуудыг таталцлын линз ашиглан судлахаар төлөвлөж байна.
Таталцлын линз гэдэг нь галактик, түүнийг бөөгнөрөл, хар нүх зэрэг сансрын асар том биет бөгөөд илүү алслагдсан эх үүсвэрээс гэрлийн чиглэлийг мушгиж, ердийн шилэн линз шиг болгох физик нөлөө юм. Ийм үзэгдлийн талаар 1915 онд анх Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолынхоо нэг хэсэг болгон таамагласан байдаг. Харьцангуйн ерөнхий онолоор бол масстай объектууд орон зай, цаг хугацааны бүтцийн муруйлт үүсгэдэг. Тэрхүү муруйлт нь таталцлыг бий болгодог. Объектын масс их байх тусам орон зай, цаг хугацааны муруйлт мөн адил бөгөөд таталцал хүчтэй болдог. Гэрэл нь ихэвчлэн шулуун шугамаар тархдаг. Гэхдээ орон зай, цаг хугацааны бүтэц муруй бол гэрлийн зам нь мөн муруй байдаг. Объект том байхын хэрээр гэрлийн хугаралт ихсэж, таталцлын линз улам нэмэгддэг. Тиймээс “XLSSC 122”-ын хүчтэй таталцлын линз нь харанхуй матерын нууцыг тайлахад чухал нөлөөтэй гэж эрдэмтэд үзэж байна.