Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Иргэний зориг, ногоон нам (ИЗНН)-ын дүрмээ бүртгүүлэх гэсэн дарга Б.Батбаатарынх нь өргөдлийг Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн бүртгэлээ. Харин энэ оны гуравдугаар сарын есөнд болсон тус намын Онц их хурлаас сонгогдсон гэх дарга Р.Батболдоос ирүүлсэн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, нэмж гаргасан тайлбарыг нь хэлэлцээд “Намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” хэмээн бүртгэхээс татгалзсан байна.
Мөн Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас санал авахаар ирүүлсэн Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Сангийн сайд З.Мэндсайханаас ирүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалт удирдлагын тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, санал хүргүүлэхээр болжээ.