ХБНГУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор ирэх аравдугаар сард Берлин хотын Өвөг ба эртний түүхийн музейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнг дэлгэхээр болжээ. 2006 оноос хойш 20 жилийн дараа Берлинд нээгдэх энэхүү үзэсгэлэн нь Герман даяар Чингис хааны сэдэвт хамгийн том цар хүрээтэй арга хэмжээ бөгөөд Монголын нутаг дэвсгэрээс олдсон дахин давтагдашгүй археологийн үнэт дурсгалуудыг дэлгэн үзүүлэх юм байна. Гадаад харилцааны яам, “Чингис хаан” үндэсний музей хамтран үзэсгэлэнгийн мэдээлэл хүргэх, бэлтгэл хангах хүрээнд Германы тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг саяхан Монголд урьж, үүх түүх, өв соёл, уламжлал, үндэсний болон орчин үеийн урлаг, өнөөгийн нийгмийн хөгжлийг олон талаас нь танилцуулжээ.
Европын орнуудад зохион байгуулдаг Чингис хааны сэдэвт үзэсгэлэнгүүдийг нэг л дэглэлтээ олон улс орон, хотуудаар ээлжлэн гаргадаг гэж хардаг нь өрөөсгөл аж. Тухайн хамтран ажиллаж буй музейнхэнтэй ярилцан, үзэсгэлэн бүрийг шинээр боловсруулж дэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, хүлээн авч буй музей судалгааны чиглэл, үзэл баримтлал, үзэгчдэд хүргэх агуулгадаа тулгуурлан сэдэв, бүтэц, хүүрнэх арга барилаа өөрөө сонгодгоороо онцлогтой. Зарим нь археологийн олдворт төвлөрдөг бол нэг хэсэг нь түүх, соёл, нүүдэлчдийн ахуй уламжлал, хотжилтын хөгжил, эсвэл Монголын эзэнт гүрний үлдээсэн өвийг онцлох зэргээр Чингис хаан хийгээд түүний байгуулсан улсын тухай өөр өөр өнцгөөс харуулдаг байна.
Г.Сансар