Нар хэмээх аварга гараг үгүй болох цагт сансрын уудмаас үй түмэн од, эрхэс, гараг, сүүлт од арчигдана. Ийм үйл явц тохиох нь гарцаагүй. Магадгүй хэдэн зуу, сая, тэрбум жилийн дараа гэхээр бидэнд дэндүү хол, бүр хамаагүй ч байж мэдэх ойлголт. Гэтэл үнэндээ энэ нь хүн төрөлхтний оршихуйтай шууд холбоотой асуудал учраас дэлхийн эрдэмтэн судлаачид үүнд сэтгэлээ чилээж, галт гаргийн сүүлчийн тэсрэлтэд хуйхлагдахгүй үлдэх арга чарга хайсаар багагүй хугацааг үджээ.
Тэгвэл Бельгийн Левенийн их сургуулийн одон орон судлаачид нарны аймгийн ирээдүйн талаарх таамаглалаа шинэчилсэн талаараа мэдээлснийг “Astronomy & Astrophysics” сэтгүүлд нийтэлсэн байна. Хөгширч буй оддын дотоод бүтцийг харгалзан таталцлын загварчлал гаргасан судлаачид “Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа нарны цөм дэх устөрөгч дуусаж, хэмжээ нь хэдэн зуу дахин томорч, аварга улаан бөмбөг болж хувирна. Тэр үед нарны аймагт өрнөх “тулаанаас” дэлхийг аврах боломж байна. Дэлхийн хувь заяаг хоёр үйл явцын хоорондох таталтын тулаан тодорхойлно. Нэг талаас тэлж буй нар дэлхий зэрэг гаргийн хооронд илүү хүчтэй таталцал бий болно. Ингэснээр гаргуудын хөдөлгөөн удааширч, улмаар зогсоно. Дэлхийн хувьд далайн түрлэгийн хүчийг нэмэгдүүлж, гаргийг дотогш татах болно. Нөгөөтэйгүүр оддын асар хүчтэй салхины нөлөөгөөр нарны гаднах давхарга задарч сансарт туугдаж эхэлнэ. Ийнхүү бүтцээ алдаж, масс нь багассан “авхайн” таталцлын хүч суларч, цагаан одой болно. Ингэснээр дэлхий гараг нарны аймгийн гүн рүү “даялан” шилжих боломжтой.
Энд нэг асуудал бас бий. Хэрэв далайн түрлэгийн харилцан үйлчлэл давамгайлж байвал дэлхийг залгих болно. Харин нарны массын алдагдал давамгайлбал дэлхий илүү өргөн тойрог зам руу шилжих боломжтой. Шинэ чилсэн тооцооллоор нарны массын алдагдал нь таталцлын хүчнээс давж, манай гаргийг тэлж буй одны радиусаас цааш тойрог замд шилжүүлж болзошгүйг харуулж байна. Бид онолын тооцооллоо баталгаажуулахын тулд дэлхийгээс 200 гэрлийн жилийн зайд орших, мөхөж буй аварга од “L2”-ын бодит ажиглалтад тулгуурласан. Нэгэн цагт нартай маш төстэй байсан “L2” өдгөө массаа хурдан алдаж, том гаргийн тойрог замд эргэлддэг тоосонцрын дискээр хүрээлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ ертөнцийн оршин тогтнох хувь заяаг дэлхий давтах боломжтой гэсэн найдвар төрүүлж байна” хэмээн тайлбарлажээ.