АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд уламжлалт анагаах ухааны чиглэлийн туршилтын анги нээж, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Эл хөтөлбөрийн хүрээнд сурагчид уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг эзэмшихээс гадна төрөлжсөн сургалтад хамрагдаж, эмнэл зүйн орчинд дадлага хийх юм.
2026-2027 оны хичээлийн жилд уламжлалт анагаах ухааныг сонирхон сонгосон 35 суралцагч байна. Тэдний дотор нийслэлээс болон орон нутгаас гадна Герман, Япон Улсад амьдарч байгаад эх орондоо эргэн ирж, зургаадугаар ангид элссэн сурагчид ч бий аж. Энэ нь уламжлалт анагаах ухааны соёлд суралцах, өвлөн хөгжүүлэх хүсэл залуусын дунд өндөр байгааг харуулж буй хэмээн Боловсролын яамнаас мэдээлэв.
Мөн тус сургууль нь дотуур байртай төрөлжсөн сургалтын орчин бүрдүүлж байгаагаараа онцлог. Ингэснээр орон нутгаас ирсэн хүүхдүүд тогтвортой суралцаж, сургалт болон дадлагад бүрэн хамрагдах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн Боловсролын сайд сурагч бүрд Chromebook төхөөрөмж гардуулсан бөгөөд энэ нь тэдэнд уламжлалт мэдлэг эзэмшихээс гадна орчин үеийн технологи ашиглах, мэдээлэлд суурилсан судалгааны арга барилд суралцах боломж олгож буйгаараа давуу талтай юм.
Монголын уламжлалт анагаах ухаан нь үе уламжлагдан ирсэн түүх, соёлын үнэт өв билээ. Тиймээс хадгалан хамгаалахаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, орчин үеийн анагаах ухаан болон дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх шаардлага бий. Уг сургалтыг ерөнхий боловсролын түвшнээс эхлүүлэн цаашид мэргэжлийн болон дээд боловсролын шатанд үргэлжлүүлэн суралцах боломжтой шаталсан тогтолцоог бүрдүүлэхээр зорьж буй гэнэ.
У.Сүрэн