Зургаа хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид ажлын тав хоногийн цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд цахимаар ажиллах боломжийг зохицуулах шийдвэрийг Засгийн газар энэ сарын 7-нд баталсан. Үүнийг төрийн албаны хүрээнд, томуугийн дэгдэлт өндөртэй хугацаанд, тодруулбал 10-3 дугаар сард хэрэгжүүлэх зохицуулалттай. Оройтсон ч ийм шийдвэр гаргасанд алга ташин, дэмжиж байна.
Ийм энэрэнгүй, ухаалаг шийдвэрийг олон улсад хэдийн хэрэгжүүлээд хэвшсэн. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн гишүүн нь өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид нь цалинтай чөлөө олгох (Paid sick child leave/Carer’s leave) хууль эрх зүйн зохицуулалттай 100 гаруй улс байна. Ханиад, томуугийн тохиолдолд ийм чөлөөг хуулиар баталгаажуулсан 40 гаруй улсын дийлэнх нь Европын Холбооных. Энэ тохиолдолд чөлөө олгох хоногийн тоо өөр боловч хүүхдээ асарч буй эцэг, эхийн цалинг даатгалын сангаас болон тухайн компани гаргах журамтай. Скандинавын орнуудад хамгийн урт хугацаагаар, уян хатан зохицуулсан байдаг бөгөөд дэлхийд жишиг болсон нь Шведийнх аж. Хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эх нь жилд 120 хүртэл хоног цалинтай чөлөө авах эрхтэй. Энэ хугацаанд цалингийн 80 хувийг даатгалын сангаас нөхөн олгоно. Норвегийн хувьд хүүхдийн тооноос хамаарч жилд 15 хүртэл хоногийн бүтэн цалинтай чөлөө олгодог байна. Энэ хугацаа өрх толгойлсон эцэг болон эхэд илүү буюу 20-30, хүүхэд нь архаг хууч өвчтэй бол нэмэлт 10 хоногийн чөлөө олгоно, мөн л цалинтай. Исландад энэ журам нэлээд өвөрмөц бөгөөд тухайн ажилтан өвдсөн тохиолдолд сар бүр цалинтай чөлөө авах эрхтэй ч үүнийгээ хуримтлуулаад хүүхэд асрахад ашиглаж болдог аж. Жишээ нь, жилд 12 хүртэл хоногийн цалинтай чөлөөг өвчтэй хүүхдээ харахад зориулах эрхтэй. Германд 12 хүртэлх насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эх тус бүр нэг хүүхдэд жилд 10, олон хүүхэдтэй бол 25 хүртэл хоног цалинтай чөлөө авах хуультай. Цалингийн 90 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. Польшууд жилд 60 хүртэлх хоногийн цалинтай чөлөө авч, 14 хүртэлх насны хүүхдээ асрах эрхтэй юм байна. Азиас Вьетнам 3-7 насны хүүхэднь өвдвөл жилд 15-20 хоног цалинтай чөлөө авах эрхтэй. Японы хувьд тав хүртэлх насны хүүхдээ өвдсөн үед нь харахад жилд 5-10 хоног ажлаас чөлөөлөгдөөд, цалингаа бүтэн авах эрхтэй. Гэхдээ дээрх зохицуулалтууд зөвхөн томуу, ханиад гэсэн “хаяггүй” буюу хавдар, удамшлын зэрэг хүнд өвчнөөс бусад тохиолдолд хамаарна.
Эл мэдээлэлтэй холбон НҮБ-ын шинэ судалгааны талаар товч өгүүлье. Жил бүр аравдугаар сарын 29-нд тэмдэглэдэг Олон улсын халамж, дэмжлэгийн өдрийг угтан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага болон Дэлхийн банкнаас улс орнуудыг гэр бүлийн үүрэг хариуцлагыг илүү тэгш хуваарилахыг уриалаад, танилцуулсан шинэ судалгаагаар хүүхдээ асрах цалинтай чөлөө авахад дэлхийн хэмжээнд эрэгтэй, эмэгтэйчүүдэд ялгавартай хандах нь түгээмэл байгааг тогтоожээ. Улс орнуудад мөрддөг энэ талын хуулийн хэрэгжилтийн 190 тохиолдлыг судалж, шинжлэхэд 66 эцэг цалинтай чөлөө аваагүй байна. Шалтгаан нь тухайн улсуудад хүүхдээ асрах аавд цалинтай чөлөө олгодоггүй. Жишээлэн шинжилсэн тохиолдлуудын ердөө зургаа нь л эхчүүдэд ийм чөлөө олгодог. Үүнээс гадна аавуудад цалинтай чөлөө олгосон 124 тохиолдлыг шинжлэхэд хоёр долоо хоногоос бага хугацаатай байжээ. Энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг хангаагүй гэсэн үг. Судалгаагаар эрчүүд хүүхэд асрах үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй ч эдийн засгийн хангалттай дэмжлэггүй байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан аавуудын 87 хувь нь шаардлагатай дэмжлэг дутмаг байгааг, 83 хувь нь ажил олгогчид нь уян хатан зохицуулалт санал болгодоггүйг мэдээлсэн байна. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр аавууд хүүхэд асрахад оролцсоноор хөгжилд нь эерэг нөлөөтэйн зэрэгцээ ээж нар ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Э.Хана