Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг буюу Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийнхэн санаачлан судлаач, эрдэмтэд, багш нарыг оролцуулсан “Энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүй” сэдэвт өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр ёс зүй бол хүний зөв бурууг ялган таних ухамсар төдийгүй бидний өдөр тутмын үйлдэл, гаргаж байгаа шийдвэр, бусадтай харилцах харилцаа, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг чиглүүлдэг үнэт зүйлсийн цогц. Ёс зүйг дүрэм журам, хууль хэлбэрээр болон тунхаглал байдлаар төлөвшүүлэх боломжгүй. Харин иргэн бүрийн өдөр тутмын үйлдэл, хүлээсэн үүргээ биелүүлэх байдал, буруу зүйлтэй үл эвлэрэх зориг, зөвийг тууштай хамгаалах хандлагаар дамжин бодит амьдралд хэрэгждэг гэдгийг хөндөв. Түүнчлэн “Сии сургалт Монгол” ТББ-ын судлаач Л.Зүчи “Хүүхдийн ялгах ухаан хамгийн эрчимтэй хөгждөг нас бол 3-6. Буруу, зөв, гэмгүй, гэмтэй, сайн, муугийн ялгаа заагийг эл насанд хамгийн соргог ухаарч, ойлгож эхэлдэг. Тиймээс ёс зүйн боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь эхлүүлэн олгох нь чухал” хэмээв. Өдөрлөгийн үеэр энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйг төгөлдөржүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хэрхэн тоглонгоо суралцахуйд сургах зэрэг туршлагаас танилцуулж, илтгэл сонсгон, хэлэлцүүлэг өрнүүлэв.
С.Дулам