Хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөл нуур төдийгүй үзэсгэлэнт хүрхрээгээрээ дэлхийд гайхагддаг Америкийн Йосемити байгалийн цогцолбор газрыг хилийн дээс алхалгүйгээр тольдоорой. Уг боломжийг Байгаль, зэрлэг амьтан хамгаалан үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийг санаачлагч гэрэл зурагчин У.Ганбаяр олгож буй.
Түүний “Хөвсгөл ба Йосемити: Байгалийн нөхөрлөл” үзэсгэлэн ирэх даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 2-нд “Блю Мүүн” галерейд нээлтээ хийх аж.
Гэрэл зурагчны 2008-2015 онд авсан зургуудыг дэлгэх үзэсгэлэн дөрөв хоног үргэлжлэх бөгөөд Монголын хамгийн гүн нуур болон жил бүр 3,7 сая жуулчид үзэсгэлэнт хүрхрээ, байгалийн соньхон тогтоцыг нь үзэхээр зорьдог Калифорни мужийн Йосемити байгалийн цогцолбор газрыг сурталчлах, байгаль орчноо хайрлаж, хамгаалах ажилд иргэдийг нэгдэхийг уриалах зорилготой.