Улсын циркт Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу гуайтай мөр зэрэгцэн уран нугаралтын студи байгуулсан Д.Отгонцэцэг хэмээх жүжигчин бүсгүйг өдгөө “багш аа” хэмээн дууддаг уран нугараач олон болжээ. Циркийн жүжигчид ч түүний багшлах ур чадварыг хүлээн зөвшөөрч, “Отгоо” студи төгссөн хүүхдүүдийг хамтлагтаа авч ажиллуулж байна. Өнгөрсөн зун “Номин” их дэлгүүрт тусгайлсан хөтөлбөрөөр тоглолт хийж, 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан уран нугаралтын студиэ сурталчилж байсан энэ төвийнхэн ирэх сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд “Ципури” нэртэй театрчилсан циркийн тоглолт хийхээр болжээ. Найруулагч Д.Зоригт энэ тоглолтыг нэлээд өвөрмөц, содон байдлаар хийхээр эртнээс төлөвлөсөн бөгөөд олон дууны цоморлигийг попури гэдэг учраас циркийн тоглолтын нийлбэрээ “Ципури” хэмээн нэрлэжээ.
Энэ тоглолтод эх орноо сурталчлан дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Д.Отгонцэцэг багшийн шавь нар болон одоо энэ студид хичээллэж буй багачууд оролцох гэнэ.
“Ципури” тоглолтын хөгжмийг “Улаанбаатар” чуулгын дэргэдэх “Хангарьд” үндэсний хөгжмийн хамтлагийн ахлагч О.Чулуунбат зохиожээ.