...Жишээ нь, жилийн өмнө нэгэн эмэгтэй цагдаагийн байгууллагад хандаж “Манай нөхөр намайг ална гээд байна” хэмээн хамгаалалт хүссэн аж. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалах өөрийн байргүй, ахуйн маргаан учир өөрсдөө учраа ол гэх хариу өгчээ...
Гэрч, хохирогчийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах талаар сүүлийн жилүүдэд төрөөс багагүй анхаарч байгаа. Энэ тухай эрх зүйн баримт бичгийг УИХ 2013 оны долдугаар сард анх баталж, дараа оных нь нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улам боловсронгуй болгосон гэх. Харамсалтай нь, хуулийн хэрэгжилт хангалттай бус байгаа талаар иргэд төдийгүй хуульчид ярьдаг. Тодорхой хэлбэл, Монголд гэрч, хохирогчийн эрхийг хамгаалж чаддаг гэдэгт олон нийт итгэхгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй байгаа нь гэмт хэргийг илрүүлэх, буруутныг тогтооход сөргөөр нөлөөлж байж ч мэднэ. Гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд хүндэрч, нэмэгдэж байгааг энд дурдах нь илүүц биз ээ. Шүүгч, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үүргийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг. Аюулгүй байдлын хамгаалалтын төрөлд сануулах, хохирогчийг мөшгөх, дагахыг хязгаарлах, биечлэн хамгаалах, мэдээллийн нууцыг чандлах, тусгай хэрэгсэл, харилцаа холбоогоор хангах, аюулгүй газар байрлуулах, зүс царайг нь өөрчлөх, бичиг баримтыг солих, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа багтана. Сэтгэл зүйн хамгаалалтын хүрээнд гэрч, хохирогчид мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг хамаатай. Эдгээр үүргээ бүрэн биелүүлж буй, эсэхэд иргэд эргэлзэж буйг дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч өөрт нь хамгаалалт шаардлагатай тохиолдол бүртээ туслалцаа авч чаддаггүй аж.
Жишээ нь, жилийн өмнө нэгэн эмэгтэй цагдаагийн байгууллагад хандаж “Манай нөхөр намайг ална гээд байна” хэмээн хамгаалалт хүссэн аж. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалах өөрийн байргүй, ахуйн маргаан учир өөрсдөө учраа ол гэх хариу өгчээ. Уг нь Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үндсэн чиг үүрэг нь хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн хэн бүхнийг хамгаалалтад авах. Цагдаагийнхан эл үүргээ биелүүлээгүйгээс дээрх эмэгтэй тусламж авч чадалгүй амиа алдаж, хүүхдүүд нь өнчирсөн байна. Уг хэрэгт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн стратегийн өмгөөлөл үзүүлж эхэлжээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн зорилт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх билээ. Ингэснээр цагдаагийнхан өөрсдөө гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримттай болно. Нийгэмд сайн сайхныг авчирна. Нөгөө талдаа мэдээлэл өгсөн иргэний эрүүл мэнд, амь биеийг хамгаалалтад авна гэсэн үг. Хуулийн агуулга, ач холбогдлыг ийн нуршсан минь учиртай. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн хууль, журамд заасны дагуу түр болон тусгай хамгаалах гэсэн хоёр байртай байх ёстой юм билээ.
Тусгай хамгаалах байр хийгээд гэрч, хохирогчийн бичиг баримтыг солих, нүүлгэн шилжүүлэх, мэс засал хийж, царай төрхийг өөрчлөх нь нууц байдаг учраас мэдээлэл алга. Харин Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, журам баталж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл түр хамгаалах байргүй байна. Тус хэлтсийнхэн 2017 онд 36, 2018 онд 65, 2019 онд 134 гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 64 гэрч, хохирогчийг хамгаалж, хуульд заасан арга хэмжээ авчээ. Уг тооноос харахад хамгаалах хүний тоо жил ирэх бүр өссөн байгаа биз. Харамсалтай нь, тус хэлтсийнхэн хамгаалах байргүй. Тиймээс ЦЕГ-ын дэргэдэх гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр юм уу, төрийн бус байгууллагынхныг царайчилж хүнээ байрлуулдаг гэсэн. ЦЕГ-ын дэргэдэх түр хамгаалах байрныхан гэмт хэргийн хохирогч, гэрчийг тэр бүр хүлээн авдаггүй, ихэнхдээ татгалздаг учраас дээрх хэлтсийнхэн хувийн хэвшлийнхэнд хандахаас өөр аргагүй болдог тухайгаа учирласан. Ингэхдээ төрийн бус байгууллагынхантай хамтран ажиллах санамж бичиг байгуулдаг гэнэ.
Нэг зүйлийг онцлоход, ТББ-уудын хамгаалах байранд гэрч, хохирогчийг аваачихдаа ямар ч төлбөр төлдөггүй аж. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18.5-д “Энэ хуулийн 18.1.4-т заасан туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж дурджээ. 18.1.4-т дурдсан зүйл нь нийгмийн бусад туслалцаа аж. Нийгмийн бусад туслалцаа гэдэг нь хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, хувцас, шаардлагатай бусад ахуйн хэрэгцээг хангах болон насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах орчныг бүрдүүлэх төрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэнэ. Мөн гэрч, хохирогчийг хамгаалалтад авахаар тухайн хүн ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрдэг гэх. Тэр хэрээр цалин, орлого нь тасалдана. Хичээлийн хоцрогдолд ордог. Гэрч бага насны хүүхэдтэйгээ хамгаалалтад орвол зардал өсөх нь мэдээж. Тиймээс дээрх хуульд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад тухайн гэрч, хохирогчийг өмнөх ажил, авч байсан цалинтай дүйцэх ажлын байраар хангана. Хэрэв ийм боломжгүй бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хамгаалалтад байх хугацаанд олгоно гэж хуульчилсан. Хуулиа үндэслээд тухайн байгууллагын төсөвт уг зардлыг суулгах боломж бүрдсэн ч хэрэгжүүлсэн зүйл алга.
Өөрөөр хэлбэл, Монголын төр гэрч, хохирогчдын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Төрийн бус нэгэн байгууллагын эх сурвалж “Цагдаагийнхан гэмт хэрэг илрүүлэх, үйлдсэн этгээд нь ул мөрөө баллахаас өмнө гэрч, хохирогчийг хамгаалах шаардлагатай боллоо хэмээн цөөнгүй хүн авчирдаг. Бид багагүй бэрхшээл туулж, тухайн иргэнд үзүүлсэн үйлчилгээний төлбөрөө төрөөс авдаг. Тухайн гэрч, хохирогч сар, жилээр ч байрлаж болно. Харамсалтай нь, бид тухайн хүнд үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө тэр бүр буцааж авч чаддаггүй. Төр гэрч, хохирогчид хуулийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэхдээ энэ бүхний зардлыг өгдөггүй. Зөвхөн нийгмийн бусад туслалцааны зардлыг хагас дутуу өгдөг” гэсэн юм. Үүнээс гадна Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн зөвхөн нийслэлд гарч буй хэргийн гэрч, хохирогчийг хамгаалдаг. Харин орон нутагт гэрч, хохирогчийг хамгаалах нэгж, салбар үгүй. Тэнд аливаа гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хэргийн мөрдөгч хариуцна. Гэвч мөрдөгчид энэ асуудалд төдийлөн анхаарч чаддаггүй гэсэн. Гэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс орон нутгийн мөрдөгчдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, жил бүр сургалт явуулдаг гэв.
Тухайлбал, энэ жил бүсчилсэн сургалт зохион байгуулж, Хэнтий, Орхон, Өвөрхангай, Ховд аймгийн мөрдөгчдийг хамруулсан байна. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагалдах найман журмыг боловсруулж, ХЗДХЯ-нд хүргүүлжээ. Одоогоор журмуудыг батлаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд хэрэгтэй байгаа хамгаалах байрны асуудлыг шийдэх нь бүү хэл, зарим дүрэм журмаа ч батлаагүй байна. Нэг хэргийн ард хамгийн багадаа таван хохирогч, гэрч байдаг гэх. Гэрч, хохирогчийг хамгаалж чадаагүйгээс ихээхэн хор уршиг үүсэх нь хэнд ч ойлгомжтой. Наад зах нь хохирогч хохирсон дээрээ хохирно. Дээрээс нь хэрэгтнүүд гэрчийг урвуулах эрсдэлтэй. Цаашлаад гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох ч боломжтой. Ингэснээр гэмт хэрэгтэн дараагийн золиосоо хайж эхэлдэг гэх. Хүчингийн гэмт хэргийн тал хувь нь л шийдэгддэг гэдгийг өмгөөлөгч нар хэлдэг. Жишээ нь, хойт эцэг нь дагавар охиноо хүчиндлээ гэхэд хохирогчийн ээж ихэвчлэн гэрчээр тогтоогддог. Энэ тохиолдолд төр гэрч, хохирогчийн аль алиныг хамгаалах учиртай. Улмаар дээр дурдсан эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Эдгээр туслалцааг дорвитой үзүүлж чадахгүйгээс гэрчээр тогтоогдсон олонх ээж мэдүүлгээсээ буцдаг. Бүр нөхрөө өмөөрч эхэлдэг. Нэг ээж хохирогч охинд нь төрөөс сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөгийг хуримтлуулан гэмт хэрэгтэнд өмгөөлөгч хөлсөлсөн тохиолдол гарсныг төрийн бус байгууллагынхан хэлсэн.
Үүнээс гадна гэрч, хохирогчийг хамгаалахад оролцдог бүх газрын үйл ажиллагааг нэгтгэх үүрэгтэй орон тооны бус зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Уг зөвлөлд ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ, ГХЯ, Сангийн яамныхнаас гадна шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газрынхны төлөөлөл байх учиртай. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх тухай ярьж, хөөцөлдөж буй албан тушаалтан алга. Төрийн байгууллагууд өмнөх шигээ гэрч, хохирогчийг хамгаалахын тулд нэг нэгэн рүүгээ бичиг цаас шидэж, цаг алдсаар байгааг хуульчид хэлсэн. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль баталж, цагдаагийн байгууллагын эрхлэх ажилд оруулсныг олон нийт сайшааж буй. Харамсалтай нь, эл хуулийн хэрэгжилт, хангалтгүй. Хэрэгжүүлэх сонирхол ч салбарын яамныханд үгүй бололтой гэж хэлэхээр байна. Нөхцөл байдал ийм хойно гэмт этгээдийн хувьд гэрчийг урвуулах, хохирогчийн амыг барих нь алга урвуулахын дайтай хялбар байдаг биз ээ.