Нийслэлд уржигдар 18.30 цагийн орчимд хүчтэй салхи дэгдсэний улмаас төв талбайд байршуулсан тайз, асар нурж, ойролцоо нь явж байсан иргэд гэмтсэн хэрэг гарсан. Хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн энэхүү үзэгдэл нь нөөлөг салхи байсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлэв. Улаанбаатар хот дахь цаг уурын станцуудад бүртгэгдсэн мэдээллээр тухайн үед салхины дундаж хурд секундэд 16-17, түр зуурын өрөвхийлөлт буюу дээд хурд нь 22-27 метрт хүрч ширүүсжээ.
Хавар, намрын шилжилтийн үе, зуны улиралд энэ төрлийн салхи түгээмэл ажиглагддагийг цаг уурчид анхааруулав. Ялангуяа хуурайшилт ихтэй үед салхины үйлчлэлээр их хэмжээний тоос, шороо агаарт дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдан, хурд нь огцом ширүүсдэг аж. Нөөлөг салхины хурд ихэнх үед секундэд 16 метрээс давдаг бөгөөд асар богино хугацаанд 20-30 метрт хүрч ширүүсэх, зарим тохиолдолд 40 метрт ч дөхөх нь бий гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хавар Ховд, Завхан аймагт 2834 метрийн хурдтай буюу гамшигт үзэгдлийн хэмжээний нөөлөг салхи бүртгэгдэж, цөөнгүй айлын хашаа, гэр нурж, төрийн байгууллагын барилгын дээвэр унасан тохиолдол гарчээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаар тогтворгүй болсон, аагим халуун, гэнэтийн аадар бороотой өдрүүд ээлжилж буй энэ үед нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулав.
Н.Мишээл