Z үеийнхэн сэтгэл зүйн хямралд өртөж, энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн талаар “Harmony Healthcare IT” компаниас мэдээлэв. 16-28 насныхан буюу Z үеийнхний 47-61 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгааг тус тайланд онцолжээ. АНУ-д төвтэй уг байгууллага нь эрүүл мэндийн өгөгдөл боловсруулах чиглэлээр ажилладаг байна. Эл үр дүнг олон улсын судлаачид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судлахаа мэдэгдээд буй.
Харин Дэлхийн банк, “Bank of America” байгууллагын судалгаанд дурдсанчлан тэд дундаж наслалт, боловсролын хүртээмж, амьдралын чанарын үзүүлэлтүүд хамгийн өндөр, тааламжтай орчинд бойжсон анхны үе гэдгээрээ онцлогтой. Мөн Z-үүдийг2035 он гэхэд дэлхийн хамгийн их хөрөнгөтэй, нөлөө бүхий хүмүүс болно хэмээгээд буй. Гэвч эдгээрийн цаана цахим сүлжээний дарамт, нийгмийн зүгээс төгс байхыг шаардах хандлага, “амьд” харилцаа холбоо багассан нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүртулахшалтгаан болж буй гэнэ. “Vox” агентлагийн мэдээлснээр энэ үеийнхэн сэтгэл хөдлөлөө цахим орчинд нээлттэй илэрхийлэх болсон нь ч үүнтэй холбоотой хэмээв.
Харин энэ талаар Фениксийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн багш Ребекка Хьюг тайлбарлахдаа “Сошиал орчинд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь стрессээс түр зуур ангижрах арга мэт боловч урт хугацааны тэсвэр хатуужилтай болоход саад болж байна” гэжээ. Ихэнх Z-үүд эл асуудлаа шийдэхдээ сэтгэл зүйчдэд хандаж, зөвлөгөө, тусламж авах болсон нь энэ төрлийн мэргэжлийн эрэлтэд ч нөлөөлж буй аж. Сэтгэл зүйч, профессор Сабрина Романофф “Цахим платформууд дахь мэдээлэл сэтгэл зүйн хүнд асуудлуудыг хэт жирийн тайлбарлаж, мэргэжлийн бус хүмүүс бусдад зөвлөх нь ихсэж байна” хэмээсэн аж.
Д.Сэлэнгэ