УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвших эрхээ авахад бэлэн болсон хүмүүс сонгуулийн зардлаа босгохоор хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэж байна. АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөх гэж буй сэтгүүлч Ч.Лодойсамбууд гэхэд дансаа зарласнаас хойш 30 минутад 62 хүн, хуулийн этгээдээс 732 сая төгрөг хандивласан тухайгаа хуваалцаж. Энэ удаагийн ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг тус дүүрэгт 1.1 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас баталсан. Үүнээс илүүг хандиваар цуглууллаа ч зарцуулах нь хориотой тул түүний хувьд сонгуулийн санхүүжилтээ босгох ажил тэгтлээ төвөг удахгүй нь бололтой.
Мөн тэрбээр мөнгө хандивлахгүй байсан ч кампанит ажлыг нь дэмжиж, хамтарч ажиллахыг хүсээд, сонгуулийн штабдаа урив. Үүний тулд тэдний үүсгэсэн цахим холбоосоор нэвтрэн бүртгүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч хамтрах боломж олгож буй нь онцлог аж. Ингэснээр тэд сонгуулийн штаб яаж ажилладгийг харуулах гэнэ. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн хамаг нууцыг хадгалж, хар, хор буцалж байдаг “штаб” хэмээх газрыг илүү нээлттэй, олон нийтийн оролцоо, хүчээр ажилладаг бүтэц гэдгийг үзүүлж чадвал сайн хэрэг. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар “Зөв хүн электорат” эвсэл нэр дэвшигчээ тодруулахаас авхуулаад, кампанит ажил өрнүүлэх, санхүүжилт босгох, сурталчилгаа хийх, ялагдлаа хүлээн зөвшөөрөхдөө хүртэл урьд байгаагүй жишиг, соёл, үлгэр дуурайл, зөв хандлагыг анх удаа харуулсан гэхэд болно. Тухайлбал, тус эвслийн нэр дэвшигч Д.Энхбатыг дэмжиж олон хүн сайн дураар ажилласан нь хүч тэнцвэргүй өрсөлдөөнд чамлахааргүй санал авч, бага зардлаар ихийг амжуулахад нөлөөлсөн юм.
Ямартай ч Ч.Лодойсамбуу “Монголчууд санал хураалтын өдөр үндэсний хувцас, дээлээрээ гоёж, Үндсэн хуулиар олгосон төр барих эрхээ эдэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэн хүндэтгэлтэй ханддаг. Харин одоо сонгуулийг болох ёсгүй зүйл мэт үзэж, туйлын бухимдалтай, ямар ч мэдээллийг хүлээн авах сонирхолгүй болгочихож. Сонгогчдынхоо сэтгэл зүйд хүндэтгэлтэй хандаж, тайван, амгалан байж эрүүлээр сонголт хийх боломж олгох ёстой. Иймд урьдынх шиг бие биеэ гүтгэж, доромжлон, иргэдийн санаа бодолд сөргөөр нөлөөлж, сонгогчдыг юу ч ойлгодоггүй мэтээр хуурч, ятган, бусдын нэр төрд халдах зэрэг сөрөг арга хэрэглэхээ больё. Өдрөөс өдөрт хэрсүүжиж буй сонгогчдоо битгий дорд үзээрэй” хэмээн, энэ удаа өмнөхүүдээс өөр, гоё сонгуулийг хамтдаа хийхийг уриалж, өрсөлдөгчдийнхөө талаар ямар ч хар мэдээлэл тараахгүй гэдгээ мэдэгдэж байна.
Энэ бол зөвхөн Ч.Лодойсамбуу ба түүний өрсөлдөгчид, Хан-Уулын сонгогчид төдийгүй 126 гишүүнтэй парламентыг анх удаа бүрдүүлэхээр сонгох, сонгогдох эрхээ эдэлж буй бүх хүн, улс төрийн нам, эвсэлд хамаатай юм. 2020 оны сонгуулиар гэхэд хар пиараасаа хальж, өрсөлдөгчөө баривчилж хорьж байв. Нэр дэвшигчдийг “намнан”, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан зэрэг улс төрчийг цагдан хорьж, баривчилж байсныг мартах учиргүй. Харин өмнөх сонгуулиар нь элдэв бичлэг задалж, өрсөлдөгчөө харлуулах технологи хүчтэй байлаа. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архи ууж буй бичлэгийг олон нийтэд цацсаныг дурдаж болно. Ер нь сонгуулиас сонгуульд нэр дэвшигчдийн гэр бүл, ойр дотнынхныг оролдож, хөнжлийг нь сөхөн, удам судрыг нь хөөж, эрлийз хурлийзаар нь дуудан ялгаварлах нь улам гаардаг. Энэ нь технологийн дэвшил, хил хязгааргүй цахим орчинд цензур тогтоож чадахгүй байгаатай ч холбоотой. Айсуй сонгуулиар нэр дэвшигчид, нам, эвслүүд өөрсдөө л үүнээс зайлсхийж, хар технологиос татгалзахгүй бол хэнийг ч юу ч болгож мэдэх харгис орчин тэднийг, бас биднийг хүлээж буй. Сонгуулийн жил гарснаас хойш олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн зорилготой нэвтрүүлгийг телевизүүдээр цацаж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх сурагтай.
АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөх гэж буй сэтгүүлч Ч.Лодойсамбууд гэхэд дансаа зарласнаас хойш 30 минутад 62 хүн, хуулийн этгээдээс 732 сая төгрөг хандивласан тухайгаа хуваалцаж. Энэ удаагийн ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг тус дүүрэгт 1.1 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас баталсан. Үүнээс илүүг хандиваар цуглууллаа ч зарцуулах нь хориотой тул түүний хувьд сонгуулийн санхүүжилтээ босгох ажил тэгтлээ төвөг удахгүй нь бололтой.
Тиймээс ч сонгуулийн кампанит ажилдаа шинэлэг уур амьсгал оруулж, бусдадаа эергээр нөлөөлөн, сонгогчдод нэгийг бодуулах ажил эхлүүлж буй хэнд ч бай алга ташъя. Зарим нэр дэвшигч богино хугацаанд цөөн хандивлагчаас их хэмжээний санхүүжилт бүрдүүлж байхад олон нийтийн дунд аян өрнүүлж, бага багаар зардлаа босгох ажлаа эхлүүлсэн нэгэн ч байна. АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших гэж буй Н.Амаржин “Өөрчлөлтийн төлөө 5000 төгрөг” челленж зарлан, сонгуулиар ямар ямар зардал гардгийг тайлбарлан, юуны тулд хандивын данс нээж, олон нийтэд хандаж буйгаа тайлбарласан нь сонгогчдод цэгцтэй мэдээлэл болон хүрч байна. Тэрбээр “Хулгайн мөнгөөр биш, хамтын хүчээр ялалтыг авчрахын төлөө 5000 төгрөг л хандивлаач” хэмээн хүсэж байгаа нь сонгуулийн санхүүжилтийг аль болох олон хүнээс бага багаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн олон улсын жишиг, сайн туршлагатай нийцэж буй юм. Мөн Иргэдийн оролцооны нэгдэл намынхан дансаа зарласан цагаасаа хэчнээн хандивлагч хэдэн төгрөгөөр дэмжсэнийг өдөр бүр ил тод мэдээлж байна. Өчигдрийн байдлаар тус намд 182 иргэн 45.8 сая төгрөг хандивлажээ. Үүнийг тэд улс төрийг мөнгөнөөс салгах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг хэмээн үзэж байна. Эл намын дарга Ц.Оюунгэрэл АН-аас өрх тусгаарлахад хүргэсэн томоохон шалтгаан нь ч мөнгөтэй холбоотой. Ардчилсан намынхан сонгуулийн үеэр нэр дэвшигчдээсээ асар их хэмжээний мөнгийг дэнчин нэрээр хураадгийг тэрбээр анхнаасаа эсэргүүцэж, улс төрийн үйл ажиллагаа, тэр дундаа сонгуулийг маш бага зардлаар, минимал хэлбэрээр явуулж болдгийг харуулж, үлгэрлэнэ хэмээн хэлсэндээ хүрэх биз ээ.
Ер нь ямар ч санхүүжилтийг босгоход олон хүн оролцож, хэн хэн хандив өгсөн бэ гэдэг нь ил тод, ойлгомжтой байх тусам хяналт сайжирч, зарцуулалт нь үр өгөөжтэй, оновчтой байх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, зардлаа олох үйл явц энэ хэрээр нээлттэй, шинэлэг байх нь зарцуулалтыг шилэн болгоход түлхэц үзүүлж, одоогийн сонгуулиар сайн жишиг тогтооход тустай. Нөгөө талаас өөрсдөө мөнгөтэй байж бусдаас хандив гуйлаа, мөнгөгүй бол яах гэж сонгуульд өрсөлддөг юм гэж шүүмжлэх хүмүүс бий. Сонгох эрхээ эдэлж, төр барих үйл хэрэгт дөрвөн жилд нэг удаа оролцохдоо үзэл санаандаа үнэнч байж байр суурь нэгтэй нэр дэвшигчээ мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжихийн үнэ цэн, утга учрыг үүгээр бага ч болов мэдрүүлж чадвал сайн сайн. Үнэндээ компанийнхаа, ивээн тэтгэгч, тойрон хүрээлэгчид, цөөн хэдэн мөнгөтэй хүнээр дэмнүүлж оролцоод ялбал эргээд тэдэндээ өртэй үлдэж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ түүнийгээ барагдуулахын төлөө ажиллах нь тодорхой шүү дээ. Монголын улс төр, тэр тусмаа сонгуулийн үеэр хяналтгүй, далд, эх үүсвэр нь тодорхойгүй асар их мөнгө эргэлддэгийг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчдын дансанд орсон таван сая төгрөгийн гүйлгээнүүд батална. МАН-ынхны сонгуулиар зарцуулсан тэрбум тэрбум төгрөгийн дийлэнхийг бүрдүүлсэн хандив нь тав таван саяар багцлан тараасан, зохион байгуулалттай “ажиллагаа” байсныг батлах баримт бишгүй. Энэ удаа хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж, иргэнээс өгч болох хандивын хэмжээг өсгөсөн тул 10 саяар “бороо” оруулахыг ч үгүйсгэхгүй.
Үүний сацуу сонгогч бид ч үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. “HumanZ” медиа агентлагийнхан “Улс төрчөөс авч буй бэлэн мөнгө чинь хулгайнх байх вий, олон дагагчтай залуус аа”, “Хувь заяагаа хувьдаа авъя”, “Ажилгүй болно гэдгээс айж ирээдүйгээ битгий худалдаач, ах, эгч нар аа”, “Үзэл бодол тараагаад байгаа юм уу, бүгд адилхан байх юм” гэх мэтээр анхаарал татсан агуулгыг янз бүрийн хэлбэрээр зоригтой түгээж байна. Өнгөрсөн парламентын сонгуулиар залуус “Өглөө” хэмээх хөдөлгөөн санаачилж, үеийнхнийгээ санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байв. 2020 оны ээлжит сонгуулиар 18-25 насныхны оролцоо 57 хувьд хүрч, өмнөхөөс зургаан хувиар өссөнд залуус өөрсдөө уриалж, идэвхтэй ажилласан нь ч нөлөөлсөн биз ээ.