“Үеийн хөгшчүүлтэйгээ хууч хөөрөөд, тоглож наадан, жаргал, зовлонгоо хуваалцах дулаахан, тохь тухтай, найрсаг харилцаатай, үйлчилгээ сайтай, эрүүл мэндийн наад захын тусламж үзүүлчих хэмжээний, ахмад настнуудад зориулсан хөгжлийн төв, асрамж, үйлчилгээний газар бий болов уу” гэж асууж сураглах хүн цөөнгүй болжээ. Эзэнгүй гэр өдөржингөө сахиж, ганцаардаж суухын оронд бусадтайгаа гангар гунгар гээд байж байвал цаг хурдан өнгөрч, сэтгэл санаа ч тайван гэх ахмад бишгүй. Гэвч манай улсад ахмадуудад зориулсан асаргааны үйлчилгээ байна уу. Хүнтэй ажиллах амаргүй. Тэр дундаа нас дээр гарсан буурлуудыг сэтгэлээрээ харж хандаж, стандарт мөрдөж, хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэр олон бэ.
Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4, 2021 онд 9.7 хувийг эзэлж байв. Харин 2030 онд 11.9, үүнээс 20 жилийн дараа буюу 2050 онд 21.1 хувьтай тэнцэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны байдлаар манай улсад 55-аас дээш насны 455 мянга гаруй иргэн бүртгэлтэй байв. Ахмад настны тухай хуульд 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэйг ахмад настанд хамааруулж буй. Дээрх тоо, баримтаас харахад 25 жилийн дараа гэхэд манай улсын таван хүн тутмын нэг нь ахмад настан болох нь. Эмээ, өвөө нарын эрин үе ирэх нь тодорхой ч төр засаг үүнд хэрхэн бэлдэж байгаа нь учир дутагдалтай.
Гэхдээ нэг үеэ бодвол ахмад настнуудад зориулсан асрамжийн газар, үйлчилгээнүүдэд анхаарал хандуулж, хууль, эрх зүйн орчныг нь тодорхой болгосоор. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд асаргаатай холбоотой эрх зүйн асуудлыг илүү тодорхой болгожээ. Гэвч нийтээр энэ тухай бус, насны хишгийн тухай хэсэгтээ шуугив. Уг нь дээрх хуулийн хүрээнд долоон журмын төслийг боловсруулсан юм билээ. Гэтэл зөвхөн Насны хишиг олгох шинэчилсэн журмын талаар “сэвээд” байгаа нь эрх баригчдын ахмадуудад таалагдах арга бололтой. Насны хишгийг 65-аас дээш насны ахмадад олгодог бөгөөд насны ангиллаас хамааран хувь хэмжээ нь өөр байдаг. Үүнийг Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар буюу жилд хоёр удаа олгодог юм. Нэмээд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон гадаадад амьдарч буй ахмад настанд хишиг олгохоор зохицуулжээ. Хатуухандаа халамж гэж хэлж болох хэдэн төгрөгөөс илүүтэй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал ахмадуудад бий. Үүний нэг нь тэдэнд зориулсан асрамж халамжийн болон хөгжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, шинээр байгуулах юм.
Манай улсад асрамжийн 12 газар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг. Тодруулбал, Ахмад настны үндэсний төв, Дорнод, Дорноговь, Увс, Төв аймагт бий бөгөөд улсын төсвөөр санхүүждэг аж. Харин Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөлд үйл ажиллагаа явуулдаг Ахмад настны үндэсний төв нь орон нутгийн төсвөөс санхүүждэг юм байна. Мөн Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр асрах төв үйл ажиллагаа явуулж буй юм. Тодруулбал, “Бат гэрэлт ирээдүй” болон “Ачлалт хүүхдүүд” гэх хоёр газар ажилладаг. Түүнчлэн олон улсын байгууллагын харьяа “Трезза эх” хэмээх ахмадуудад зориулсан асрамжийн төв үйл ажиллагаа явуулдаг аж. Харин ахмад настнуудад төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд ховор байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Тиймээс эрх зүйн орчныг шинэчилж, эл төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг дэмжихээр Ахмад настны тухай хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ахмадуудад шаардлагатай тусламж, үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулсан гэж ойлгож болох юм.
Энэ талаар нарийвчилж харвал хуулийн нэр томьёонд хэд хэдэн шинэ тодорхойлолт оруулж. Тодруулбал, ахмад настны цогц үйлчилгээ, тэдэнд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, тэдэнд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний мэргэжлийн удирдлага гэх тодорхойлолтыг багтаажээ. Эдгээрээс хамгийн шинэлэг нь ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ юм. Тус хуулийн 4.1.9-д “ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ” гэж ахмад настны асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн ахмад настныг төрөлжсөн асрамжийн, гэрээр, асралт гэр бүлээр, өдрөөр, түр, урт хугацаагаар, байнга асрах үйлчилгээг төрийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан, эсхүл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ” гэж заажээ. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодруулахад “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдтэй холбоотой зохицуулалтыг бий болголоо. Жишээ нь, үр хүүхэд нь гадаадад амьдардаг, сурахаар явсан зэрэг эцэг, эхийгээ харж хандах, асрах боломжгүй тохиолдолд богино болон урт хугацаанд асрамжийн үйлчилгээ авах боломж нээгдсэн. Ингэхдээ тухайн иргэний аж байдлаас шалтгаалан төлбөрийг бүтэн, хагас, эсвэл үнэ төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх юм. Мөн хуульд зааснаар төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга, байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь сайшаалтай. Ахмадад зориулсан асаргааны төв ажиллуулахад өндөр стандарт, шаардлага тавьдаг. Тиймээс одоогоор асрамжийн төв нээе гэж хандсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн алга. Улсын хэмжээнд ахмадуудад зориулсан 10 гаруй асрамжийн төв үйл ажиллагаа явуулж буй. Ихэнх нь ачаалал ихтэй ажилладаг. Бидний хамгийн сайн мэдэх Батсүмбэр дэх улсын асрамжийн төв гэхэд 250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 180 хүнтэй байна. Тус төвийн барилгыг 2016 онд өргөтгөсөн. 2023 онд Засгийн газраас уг асрамжийн газрын ахмадуудын хоол, ариун цэврийн хэрэгсэл, эм, тарианы зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан улсын хэмжээний асрамжийн төв шаардлагатай” хэмээн ярьсан.
Хуулийн хүрээнд энэ оноос эхлэн ахмад настны асаргааны үйлчилгээг олон хувилбарт шилжүүлсэн ч хэрэгжүүлэх боломж хомс хэвээр. Хэдийгээр төрийн болон төрийн бус байгууллагуудад улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны зардлыг нь “үүрэлцэхээр” болсон ч эл төрлийн үйлчилгээг “барьж авах”-аас халгасан дүр зураг ажиглагдаж буй. Гэтэл эрэлт, хэрэгцээ нийгэмд аль эрт үүссэн. Зөвхөн ахмад настан ч гэхгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн, хүнд өвчтэй, хэвтрийн дэглэм сахидаг иргэнд асрамж, халамжийн үйлчилгээ ус, агаар мэт дутагдаж байна. Наад зах нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад харж хандах хүнгүй иргэнд сахиураас эхлээд асрахуйн үйлчилгээ шаардлагатай болдог. Орон нутагт уурхайд ажилладаг нэгэн залуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ 14 хоногийн хугацаанд найдвартай харж өгөх хүн хайж, байнга л зар байршуулдгийг мэдэх юм. Ийм төрлийн үйлчилгээ нь итгэлцэл дээр тогтохоос гадна элдэв эрсдэл учирвал хэрхэх талаарх эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Муу юм боллоо гэхэд эрүүл мэндийн болон хууль, шүүхийн байгууллагын дүгнэлтэд үндэслэх ч тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага, иргэн мэргэшсэн байх нь наад захын хэмжүүр.
Ахмад настны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан шаардлагатай нэг үйлчилгээ нь өндөр настнуудыг гэрээр, өдрөөр харах тухай байв. Энэ нь ахмадад зориулсан асрамжийн олон хувилбарт үйлчилгээний нэг төрөл болж буй юм. Эрх зүйн орчныг илүү тодорхой болгосноор асрахуйн үйлчилгээг нэг шатаар ахиулсан гэхэд болно. Гэхдээ эл үйлчилгээг авах иргэн болон ар гэрийнхэн нь тухайн байгууллагад өндөр шаардлага тавих нь ойлгомжтой. Жишээ нь, сард хоёр сая төгрөгийн төлбөр төлсөн иргэн тэр хэмжээгээр чанартай үйлчилгээ авахыг хүснэ. Ядаж өрөөндөө олуулаа бужигнах бус, ганцаараа тухтай байхыг илүүд үзэх биз. Ийм хэрэгцээ, шаардлагыг хангах түр болон урт хугацааны асрамж үйлчилгээ одоогоор манай улсад байхгүй. Дээр дурдсан ахмадын төв болон асрамжийн газрууд нь төрөлжсөн үйлчилгээ үзүүлэхэд голлон анхаардаг юм. Өөрөөр хэлбэл, төрөлжсөн асрамжийн газарт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Ийм төрлийн асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсвэл хүүхэд нь ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настныг хэлнэ” хэмээн Нийгийн халамжийн тухай хуульд заажээ. Асрамжийн төвөөс ахмадууд өөрийн болон ар гэрийнхээ хүсэлтээр гарч болдог. Мөн байгууллагын дотоод журам зөрчиж, архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргавал тус газарт амьдрах эрхгүй болдог байна.
Монголчууд бид гэр бүлсэг ард түмэн. Нас өндөр гарсан аав ээжийгээ хажуудаа байлгаж, харж хандахыг хүсдэг. Гэхдээ завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалан эцэг, эхдээ төдийлөн цаг гаргаж чаддаггүй. Гэр бүлд нь өвчтэй хүн байхад дагаад бүх хүн сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог. Тиймээс эрүүл мэндийн тусламж, нөхөн сэргээх эмчилгээг илүү үзүүлж чадах мэргэжлийн хүний эрэлд гарах нь бий. Ахмадын үндэсний төв, асрамжийн газруудад ч мөн ялгаагүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ амин чухал. Даралт ихсэх, зүрх, судас, хөл, гар өвдөх зэрэг зовуурийг намдаах наад захын ойлголттой хүн ажиллуулах шаардлагатай. Ажлын нөхцөл хүнд тулд хүн хүч ч дутагдалтай байдаг аж.