Парламентад хууль өргөн барих эрхтэй гурван субъект л байдаг. Тэд бол УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар болон Ерөнхийлөгч. Гэхдээ үүний дотроос Засгийн газар илүү эрх эдлэх болсоор удав. Энгийн хуулийн төслийг дөрвөн шатны хэлэлцүүлэг хийж байж баталдаг. Мөн хэлэлцүүлэг хоорондын хугацаа нь ажлын таваас доошгүй хоног байдаг. Харин яаралтай горимоор өргөн барьсан хууль, тогтоолын төсөлд энэ хугацаа хамаарахгүй. Засгийн газар хүсвэл УИХ-ыг 1-2 өдөрт ч “дайчлан” асуудлаа батлуулж дөнгөнө. Улсын 2025 оны төсвийг хоёронтоо хэлэлцэхдээ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бараг өдөрт нь багтаан батлуулсан нь бий.
УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 17-нд нээнэ. Хэдийгээр үүгээр хэлэлцэх асуудлуудыг урьдчилан баталсан байдаг ч яаралтай горимоор хэчнээн төсөл оруулж ирэхийг бид таашгүй. Тиймээс УИХ-ын гишүүд “тэвдэхдээ” бэлэн байх учиртай болж байна.
Есөн жилд 76 хууль, тогтоол
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга чуулганаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэсэн заалт бий. 2016 онд уг заалтыг нэмж, Засгийн газарт тусгайлан “яаралтай горим”-оор асуудлыг хэлэлцүүлэх эрх олгосон юм. Энэ бол МАН үнэмлэхүй олонх болсон үе. Ийнхүү тэд үүнээс хойших есөн жилийн хугацаанд яаралтай горимоор нийт 76 хууль, тогтоолыг хэлэлцэн баталсан аж. 2016-2020 оны парламентаар 22 хууль, тогтоолыг ийм горимоор хэлэлцсэн бол дараагийн УИХ-ыг Засгийн газар улам бүр яаруулж, “ногоон гэрэл”-ээр оруулах асуудлаа 2.4 дахин нэмжээ. Өөрөөр хэлбэл, 2020-2024 оны парламент 53 хуулийг яаралтайгаар баталсан юм байна. Нэг жилд 13-14 хуулийг яаралтай горимоор батлуулсан гэсэн үг. Гэтэл 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсанаас хойш ийм ангиллаар хэдийн 11 хууль, тогтоолыг гараас гаргажээ. Засгийн газрын зүгээс УИХ-аар жилд батлуулдаг яаралтай ажил нь улам л эрчимжээд, одоо хагас жилд ийм хэмжээний “статистик”-тай болж авсан гэсэн үг.
Үнэхээр цаг хугацаа тулсан, улс орны эдийн засагт чухал шийдвэр гаргах нөхцөлд яаралтайгаар асуудлыг хэлэлцэн батлалгүй яах вэ. Гэхдээ тоо нь арай л олон, бас адгуу биш гэж үү. Өнгөрсөн есөн жилийн сүүлийн тавд нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хийж буй. Тэр юунд ингэтэл яараад, бас яагаад хууль, тогтоолын төслөө олон нийтээр тухтай хэлэлцүүлэхээс айгаад, нуугдаад байна вэ.
Яарвал даарна
Уг нь УИХ бол хууль тогтоодог газар. Судалгаа, тооцоолол сайтай, олон нийт, холбогдох салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгаж байж л чанартай, амьдралд ойр хууль, тогтоол батална. Гэвч яаралтай горимоор өргөн барьсан хуулиудад иргэд бүү хэл, УИХ-ын гишүүд нь ч саналаа тусгаж амждаггүй. Нөгөө талаар 126 гишүүнтэй боллоо гээд тоо нэмэгдсэнээс чанар сайжраагүй. Гэхдээ уншиж, судалж, асуудалд ул суурьтай ханддаг зарим гишүүн яаран боловсруулж, гэрлийн хурдаар батлуулж буй төслүүдэд эргэлзэж, асуудалтай танилцах хугацаа олгохгүй байгааг шүүмжилдэг. Тухайлбал, энэ парламентаар ТЭЦ-III цахилгаан станцыг өргөтгөх зураг төслийн талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг наймдугаар сарын сүүлээр яаралтай горимоор оруулж батлуулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлахын өмнөхөн үүнийг УИХ-аар гэнэт оруулж, батлуулсан юм. Тухайн үед цөөнгүй гишүүн нэг улсын Ерөнхийлөгчийн айлчлалд зориулж УИХ-ын процессыг зөрчлөө, нэг талыг баримталсан асуудлыг гэнэт оруулж ирлээ, танилцах боломж олгохгүй байна хэмээн байр сууриа илэрхийлж байв. Яаралтай горимын тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Үүгээр 11 хууль баталсан нь нэг талаар гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласныг илтгэнэ. Гэвч нөгөө талаар хэлэлцэж буй төсөлд иргэд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож байна” гэжээ. Тэрбээр Засгийн газрын яаралтай горимоор оруулж ирсэн асуудлыг УИХ аль болох нааштай хүлээн авч, хэлэлцэж буй, дэмжлэг үзүүлэх нь зөв ч хэт цаг хугацааны шахалтад орж, алдаа гарах эрсдэлтэйг хэлсэн байна лээ. Мөн цаашид төслөө аль болох энгийн горимоор оруулж ирэхийг хүссэн юм. Гэвч Засгийн газар яарсаар л байна. Илүү хурдан, аль болох хэлэлцүүлэг бага, хаалттай байдлаар ажлаа амжуулах сонирхол манай Ерөнхий сайдад бий. 14 мега төсөл гэдэг үгээр бүхний амыг тагладаг болсон тэдний хувьд оруулж ирэх бүгд нь “Нэн чухал, эдийн засагтай холбоотой, яаралтай” байдаг аж. Энэ сарын 6-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас цахим гэмт хэргийн хохирогч болж, хөрөнгөө алдах эрсдэлээс иргэдийг сэргийлэх зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэн яаралтай горимоор өргөн барихаа мэдэгдээд байна. Үүгээрээ УИХ-ын даргын сануулгыг үл тоож байгаа бололтой.
“Нээлттэй нийгэм форум”-аас өнгөрсөн онд энэ сэдвээр тусгайлан хэлэлцүүлэг зохион байгуулж, яаралтай баталсан хуулиуд судалгаа, тооцоогүй, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцтэй зөрчилдөх нь их байгааг судлаач, оролцогчид шүүмжилсэн юм. Мөн хэрэгжүүлээд эхэлсний дараа бодит үр дүн, сөрөг нөлөө нь гарч, үүнийг засахад дахин төсвийн мөнгийг зарлагадах болдгийг сануулжээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу вэ
Уг чуулганаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газраас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон Татварын багц хуулийн төсөл бий. Эхний хуулийн төсөл сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс улам бүр ухарсаар буй. Татварын багц хуулийн тухайд ч иргэд хүлээлт ихтэй байна. Учир нь Сангийн сайд Б.Жавхлан уг багц хуулийн цөм нь НӨАТ байна гэж мэдэгдсэн. НӨАТ-ын татварыг тав болгон буулгах ёстой гэсэн шаардлагыг олон нийт тавьж буй ч дээрх төсөлд иймэрхүү заалт үгүй бололтой. Гэхдээ бага орлоготой иргэд бага НӨАТ төлөх тухай зохицуулалт оруулж байгаа аж. Үнэндээ бүгд татвар төлдөг, гэхдээ тэр нь дарамт болохгүй байх хэмжээнд нийтээр нь бууруулахыг л иргэд, аж ахуйн нэгжүүд хүсэж байгаа юм.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 900 гаруй хууль байдаг аж. Гэтэл хууль дагасан 3000 гаруй журамтай. Эдгээрийг мөн хаврын чуулганаар цэгцлэх гэнэ. Энэ мэтээр анхаарал татах хуулийн төслүүдийг хаврын чуулганы хуваарьт оруулжээ. Үүнээс гадна хэлэлцэх шаардлагатай зүйл гарч ирвэл тухайн цаг үед нь шийдээд явдаг. Мөн нэмээд Засгийн газраас гаргах бусад “яаруу тэвдүү” хууль, тогтоолын төслийг ч хэлэлцэх биз ээ.
Засгийн газарт яаралтай горимоор төсөл өргөн барих эрх олгочихсондоо бантаад УИХ-ын гишүүд тэвдүү байдалтай ажилласаар есөн жил болсон байна. Гэхдээ үүний дүнд хэн хохирох вэ. Хууль баталдгаараа УИХ л хариуцлага хүлээнэ. Учир нь өргөн барьсан аливаа төслийг УИХ “хянан тохиолдуулж” баталдаг. Одоо Засгийн газарт хуулиар олгосон давуу эрхийнхээ хариуд ийнхүү “шахаанд” орчхоод байна. Чадамжгүй, асуудлаа судалж, уншдаггүй, Засгийн газраа сөрж шүүмжилж зүрхэлдэггүй, товчлуур дарахаас хэтрэхгүй олон гишүүнтэй. Үүн дээр нь нэмээд Засгийн газраас яарч сандарсан, судалгаа тооцоолол багатай, өө ихтэй хууль, тогтоолын төсөл оруулж ирээд, засаж залруулах цаг хугацаа ч олгохгүй батлахыг шаардана. Үүнийг нь “явуулах” бүрд парламентын нэр хүнд унаж буй нь нууц биш. Энэ оны улсын төсвийг нэр нүүрээ баран байж хоёронтоо хэлэлцсэнээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Одоо Засгийн газрын яаралтай горимын “захиалга”-уудад шахуулж, чанаргүй, дутуу дулимаг хууль батлаад буйгаа ойлгож, цаг хугацаа өгөхийг царайчлаад сууж байна. Засгийн газарт хэт эрх олгосон хуулийн зохицуулалтуудаа эргэж харахгүй бол энэ улсад эрх мэдлийн хуваарилалт бүр утгаа алдах нь.