Дорноговь аймагт энэ сарын 12-нд зохион байгуулсан Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд олноор морилохдоо хувь, хувьсгалын пиарчдаа дагуулахаа мартсангүй. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар нийтийг хамруулан редакцтай, редакцгүй хамаагүй нийт 90 сэтгүүлч, зурагчин, зураглаачийг гурван автобусаар авч явсан тэд Хамрын хийд үзүүлэх зэргээр төсвийн мөнгөөр хэрэндээ л бөөцийлж. Өдрийн 300 мянган төгрөгийн томилолттой, нэг сэтгүүлч говиор гурав хонохдоо 900 мянган төгрөг гэхээр нийт 90 саяыг цацаж. Хэвлэл мэдээллийнхэн маань харин “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө” гэдэг сүржин гарчигтай албаны мэдээг зэрэг зэрэг түгээснээс өөр олигтой өнцөг, олон ургалч үзэл үнэртсэнгүй. Ямар сайндаа л “Хорооноос тавьж өгсөн гарчиг” гэж шоолуулж байх вэ дээ.
Төрийн албаны пиар багийнхан мэдээж өөрсдийн эрх ашигт нийцсэн, сайд, даргынхаа сайн сайхныг харуулах зорилготой л мэдээлэл, гарчиг бэлтгэж өгдөг. Харин түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрсдийн редакцын бодлого, мэргэжлийн зарчим, ёс зүйд нийцүүлэн шүүн тунгааж, ганц бус олон эх сурвалжаас асууж, нарийвчлан дэнсэлж түгээх учиртай бус уу. Үүнээс өмнө Архангайд болсон Хангайн бүсийн, Булганд зохиогдсон Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанд Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооныхон мөн л тус бүр 70-80 сэтгүүлч, зурагчин, зураглаач авч явсан байдаг. Аймаг, орон нутгийг хүндрүүлж, төсөвт нь үлэмж хэмжээний дарамт учруулсан энэхүү зөвлөгөөнийг шүүмжлэхийн оронд “Томилолт нь өндөр юм билээ. Дараагийн удаа манайхыг багтаагаарай” гэж ил, далд гуйж гувшин, танил талаараа захиулан аргаа барж явдаг нь үнэндээ ичиг ичиг.
Татвар төлөгчдийн халааснаас томилолтоо авчхаад хотоос уригдаж очсон мандаттай сэтгүүлчид гэж томорч, орон нутгийн хэвлэлийнхний өмнүүр дайрч байхын оронд “Бидний томилолтын мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ” гэж асуух зориг чинь хүрэхгүй байна уу. Орон нутгийн ч байна уу, төвийн хэвлэл ч байна уу, бүгд л адилхан сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Гэтэл Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо мэтийн нэг агентлаг сэтгүүл зүйн салбарынхныг хот, хөдөөгөөр нь алагчилж үзэн, хурал руугаа оруулна, оруулахгүй, сурвалжилга хийлгэнэ, хийлгэхгүй гэж цензур тавьж байхад яагаад таг дуугүй байцгаасан юм бэ. Архангайд ийм явдал болсныг та бүхэн мэдээгүй юү. “Наадмын найруулагч гэдэг шиг Бүсийн зөвлөлийн хуралдааны найруулагч хүртэл тохоон томилж, 15 сая төгрөг орон нутгийн төсвөөс гаргуулах шаардлага байсан юм уу” гээд шалгаачих хүн тэр олон сэтгүүлч дунд байгаагүй хэрэг үү.
Төрийн цензур, дөнгөнөөс хэрхэн салж, хэвлэлийн эрх чөлөөг хангах вэ гэдэгт салбараараа тархиа гашилгах байтал “хэсэг хэсгээр нь хайрцаглан уусгах технологи”-ийг хэрэгжүүлэгч хүүхэлдэй нь болж, өөрсдөө ийн гүйж очиж нялуураад байх юм уу. Ийм болохоор л “Сэтгүүл зүй нь төрд худалдагдсан учраас иргэд өөрсдөө л эрэн сурвалжлах сэтгүүлч болж, асуудлыг ухан гаргаж байна” хэмээн олон нийтээр амаа асуулгаж байгаа хэрэг.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулахаар 27 жилийн дараа УИХ хэлэлцэж буй энэ цаг үед сэтгүүлчид бид өөрсдөө жаахан хэрсүү, учир мадагтай байж, ёс зүйн асуудлаа тогоондоо шүүж дэнслэх учиртай. Тэнгис далайн давлагаа хогоо түрж гаргадаг шиг хэвлэл мэдээллийнхэн дотроо ёс зүй, мэргэжлийн зарчмаа ил тод, нээлттэй хэлэлцэж, сайн муу, ус тосоороо ялгарах цаг нэгэнт болжээ.
Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаглал олон нийтийн нүд, чихийг нээсэн энэ өдрүүдэд нийгэм тун сонор соргог байна. Үнэндээ манай сэтгүүл зүйн тогоон дотор ч бас орлогоо нотлох шаардлагатай, тансаг брэндээр гангарч тэрбумын хаусанд амьдардаг сэтгүүлч бишгүй бий. Гишүүд УИХ-аар өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулийн төсөл зүтгүүлэх шаардлага гарвал “сэтгүүлчдийн лобби бүлэг” байгуулаад 50-100 сая төгрөг атгуулж, хэдэн сар олон талаас нь “нүдэхэд” санасандаа хүрэх жишээний. Төрийн ордон хавиар гүйдэлтэй, түмэн олныхоо тархийг хөөсөртөл угаадаг иймэрхүү “хиамчин” сэтгүүлчдийг эхнээс нь олон нийт илчлээд эхэлсэн байна шүү, та минь ээ.
Л.Ганчимэг