Монгол Улсын 2026 оны төсвийг одоо “зурж” буй. Долоодугаар сарын 25-наас өмнө төсвийн ерөнхийлөн захирагч нар болон УИХын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авсан. Тойргоос сонгогдсон гишүүн бүрд хөрөнгө оруулалт нэрээр 15 тэрбум төгрөг олгохоор тохирсон нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжилж буй. Тэгвэл эл шүүмжлэлээ бодит ажил хэрэг болгох боломж иргэдэд олдож байна. Өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтийн саналыг тусгах хэлэлцүүлэг эхэлж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн пиараа хийж, нэр хүндээ өсгөн, дахин сонгогдох нүхээ малтдаг эл шударга бус хуваарилалтыг зогсоох, эсэх нь та, биднээс хамаарч болох нь.
10 САЯАС 15 ТЭРБУМ БОЛЖ ӨСӨВ
“Тойргийн мөнгө” өнөөдөр л гэнэт бий болч¬ хоогүй юм. УИХ-ын гишүүд төсвийн мөнгөөр сонгогдсон тойрогтоо аахар шаахар ажил хийж, өөрөө хөрөнгө гаргаад хийчихсэн мэт дүр үзүүлдэг жишиг 2000-гаад оноос эхэлсэн. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа гишүүдийн саналаар зарцуулах мөнгөний хэмжээг анх 10 сая төгрөгөөс эхлэн төсөвт суулгаж байжээ. Ц.Элбэгдоржийн үед эл мөнгийг 100, М.Энхболдын Засгийн газар 500 сая болгон нэмсэн. Удалгүй тэрбум болж өсөв. Энэ мэтээр засаг солигдох бүрд гишүүдийн төсөв өссөөр өнөөдөр Г.Занданшатарын үед 15 тэрбум болгох гэж буй аж.
Эл хөрөнгө оруулалтаар нь УИХ-ын гишүүд тойрогтоо жорлон, худаг, соёлын төвийн барилга барихаас хэтэрдэггүй. “Би л эрийн сайндаа төсвөөс мөнгө хуваарилуулж, энэ ажлыг хийлгэлээ” хэмээн улс төрчид пиараа хийж, дахин сонгогдох нүхээ ухдаг. Жил бүр төсвийн мөнгөөр пиараа хийх энэ аргыг “тойргоо услах” гэж тодотгодог юм. Улмаар төсвөөс захиран зарцуулах эрхийг нь өгсөн эл мөнгөнөөс завшдаг ч гэж харддаг. Жилийн жилд л үүнийг эсэргүүцэж, эмнэлэг, сургууль барихаас эхлээд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад мөнгөө зарцуулж, төсвийг үр дүнтэй боловсруулахыг олон нийт шаарддаг. Гэвч “тойргийн мөнгө”ний нэрийг өөрчлөөд, мөнгөн дүнг нь нэмж төсөвт шургуулсаар олон жил болчихжээ.
Л.Оюун-Эрдэнийн танхим 2025 оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсний горыг одоо бид амсаж байна. Улсын төсвийн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай явна. Мөн нүүрсний үнэ төсөөлснөөс 40 гаруй хувиар буурсан учраас оны эцэст улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүсжээ. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо энэ бүх нөхцөл байдлыг ойлгож байгаа тул бүсээ чангална хэмээн амласан. Гэвч эсрэгээрээ, “тойргийн мөнгө”-ийг түүхэн дээд хэмжээнд тултал өсгөж, гишүүдийнхээ амыг хаах тухайд өмнөх Ерөнхий сайдынхаа алдааг давтах гэж буй нь харамсмаар. УИХ-ын 126 гишүүний 78 нь тойргоос сонгогдсон. Тэдэнд тус бүрд нь дээрх хэмжээний мөнгө хуваарилбал 1.2 их наяд төгрөг болох юм. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “Тойргийн сонгогчдын саналыг төсвийн мөнгөөр худалдан авч, байнга сонгогдох боломж олгож байна гэсэн үг. Энэ бол гишүүдийн амыг хамхих гэсэн МАН-ын далд, башир арга” гэжээ.
УИХ-ын гишүүд бодлого боловсруулан, хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Үүнийгээ гүйцэтгэхдээ тэд нийт ард түмний эрх ашгийг төлөөлж ажиллах ёстой. Гэвч манай улсад УИХ-ын гишүүний ажлыг хорооны даргатай зүйрлэн ойлгодог болсоор удсан. Сонгуульд нэр дэвшихдээ бодлого гэхээс илүү танай аймаг, сумд ийм тийм ажил хийнэ гэсэн аар саар амлалт өгч, сонгогчдын саналыг авдаг. Үүндээ ч ороогддог биз, “тойргийн мөнгө”-өөр өнөөхөө хэрэгжүүлж, өөртөө бас нэр нүүр олж авсаар ирсэн юм. Тиймээс захиран зарцуулах мөнгөнийх нь хэмжээ өсөхөд гишүүд дуртай байх нь мэдээж. Ерөнхий сайд гишүү¬ дийнхээ амыг уг мөнгөөр дамжуулан хамхиж, хүссэн бүхнээ дэмжүүлэх товчлуур дарагчдыг бэлтгэж байна гэсэн үг. Тэгэхээр Засгийн газраа хянах УИХ-ын чадамж суларна. Үүнийг гишүүн Х.Баасанжаргал сануулж, “Энэ бүхэн нь УИХ-ын хяналтыг сулруулж, авлигыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.
ЖАГСААЛТЫНХНЫГ Ч ГОМДООХГҮЙ
“Тойргийн мөнгө”-ийг 15 тэрбум төгрөг болгож огцом өсгөхөөр хэдийн тохирчхоод, үүгээр ямар ажил хийх тухай санал авахдаа нэг “алдаа” гаргачхаж. Энэ тухай зарыг УИХ дахь МАНын нийт гишүүний чат руу явуулчихсан юм билээ. Тэнд нь жагсаалтаас сонгогдсон гишүүд бас байдгийг мартчихсан бололтой. Тэгмэгц Х.Баасанжаргал гишүүн энэ тухай УИХ-ын нийт гишүүний чат руу мэдээлж, М.Нарантуяа-Нара олон нийтэд цацсанаар бид анх мэдсэн байх нь. Үүнийг эсэргүүцэж шударга бус, буруу зүйл хэмээн дуугарч буй хүмүүс нь бүсгүйчүүд. Тэр дундаа жагсаалтаар сонгогдсон гишүүд байгаа нь бас нэгийг хэлнэ.
Нара гишүүн олон нийтэд мэдээллийг шуурхай дамжуулж, ямар хуйвалдаан өрнөж буйг дуулгасныхаа төлөө МАН, АН-ын тойргоос сонгогдсон гишүүдэд загнуулжээ. Түүнийг “УИХ-ыг муухай харагдууллаа” гэсэн байна. Үнэндээ харин ч хяналт тавин дуугарч, эрүүл харагдуулж буй юм. Түүний “галзуу” араншин иймэрхүү зүйл дээр олон нийтэд хэрэг болсон нь тэр. С.Цэнгүүн гишүүн ч тэдэнтэй ижил байр суурьтай байна. Харин тойргоос сонгогдсон гишүүдээс гагцхүү Ч.Номин мөнгө авахыг эсэргүүцэн, дээрх бүсгүйчүүдтэй байр суурь нэгдсэн байна лээ. Сайдын “давхар дээл”-ээ тайлснаас хойш тэрбээр “тэмцэгч” болж хувираад буй юм. 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед ССАЖЗ-ын сайдын хувиар 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр насныханд үнэгүй ки но үзүүлэх эрхийн бичиг тараана хэмээн олон нийтэд шүүмжлүүлж явсан хүн шүү дээ. Уг нь УИХ-ыг хүчтэй сөрөг хүчинтэй боллоо гэж талархаж байсан ч “тойргийн мөнгө”-ний тухайд АН-ынхан эрх баригчидтай санал нэг байгаа аж.
Юутай ч жагсаалтаар сонгогдсон голдуу эмэгтэй гишүүд ийнхүү эсэргүүцэн, шүүмжилж эхэлмэгц тэднийг гомдоохгүйн тулд бас мөнгө хуваарилсан нь ил болов. Гишүүн Х.Баасанжаргал руу аймгийн Засаг дарга нараас холбогдож, “Жагсаалтаар сонгогдсон гишүүн бүрд 2.5 тэрбум төгрөг хуваарилах юм байна. Та үүгээрээ манай аймагт ийм тийм юм хийх санал оруулж өгөөч” хэмээн гуйсан гэнэ.
Тойргоос сонгогдсон гишүүн бүрд 15 тэрбум төгрөг хуваарилна гэж эмэгтэй гишүүд “шүгэл үлээсэн” ч Сангийн яамны зүгээс бол “Тойргоос сонгогдсон гишүүн бүрд таван тэрбум төгрөг хуваарилна. Бүсээрээ 15 тэрбум болж буй юм” гэсэн зөөлрүүлсэн тайлбар хийжээ. 2024 оны сонгуулиар тойргийг бүсчилж, томсгон Баян-Өлгийгээс бусад нь 3-4 аймгаас бүрдсэн. Тэгмэгц “Жагсаалтын гишүүдэд тойргийнхноос хоёр дахин бага мөнгө хуваарилан ялгаварлаж байна” гэсэн гомдол залгав. Нэг бол тэгш хуваарил, үгүй бол боль гэсэн хандлага шүүмжилж буй гишүүдийн цаана бас нуугдаж байгаа бололтой.
Төсвийн орлого тасалдаж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хэцүүдэж байхад УИХ-ын гишүүд нь татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү наймаалцаж суугаа нь харамсалтай. Засгийн газар есдүгээр сарын 1-нд улсын төсвийг өргөн барина. Үүнээс өмнө буюу ирэх хоёр долоо хоногт иргэд уг төсөлд саналаа сайн өгч, “тойргийн мөнгө” хэмээх шударга бус, авлигын хуваарилалтыг хасуулахад анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар 20 гаруй жилийн турш “нутагшуулчихсан” хуваарилалтыг арилгахын тулд системээр нь шинэчлэх шаардлагатай. Тэгээгүй цагт нэрийг нь өөрчлөөд л төсөвт гишүүдийн мөнгийг суулгасаар байх болно. Гэвч авч амташсан гишүүд өөрсдөө ийм өөрчлөлт хийх нь юу бол.