Олон улсын байгаль хамгаалах холбоо (IRF)-ноос 2007 онд санаачилсан Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг улс орнууд өчигдөр 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөө жилийн тэмдэглэлт өдрөөр “Бид дэлхийн байгаль хамгаалагчидтай хамт” уриалга дэвшүүлсэн нь байгаль, эх дэл¬хийгээ хайрлан, хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эко элч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудал, аюулгүй байдалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
Энэ оны байдлаар дэлхий дахинд 285 мянга гаруй байгаль хамгаалагч ажиллаж байгаа нь шаардлагатай орон тооны ердөө 35 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт гэнэ. Харин Монголд өдгөө 1046 байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэж буй нь мөн л байх ёстой үзүүлэлтээс 3-4 дахин цөөн, 2030 он гэхэд багадаа 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай тоо аж. Эдгээр үзүүлэлт нь байгаль хамгаалагчдын хөдөлмөрийн үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурь, цалин хангамжийг сайжруулах замаар ажил үүргээ аюулгүй, идэвхтэй гүйцэтгэх боломжоор хангах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэлхий нийтээр анхаарах цаг болсныг илтгэж байна гэж Олон улсын байгаль хамгаалах холбооноос онцолжээ.
Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алдсан байгаль хамгаалагчдын дурсгалыг хүндэтгэх, тэдний ар гэрийнхэнд тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг “Green line” хэмээх олон улсын байгууллага бий. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар сүүлийн нэг жил гаруйн хугацаанд 41 орны 175 байгаль хамгаалагч ажлынхаа талбарт амиа алджээ. Үүний талаас илүү хувь нь Азийн бүс нутгийнх байсан аж. Энэ нь байгаль хамгаалагчид ямар эрсдэлтэй, амь дүйсэн нөхцөлд ажилладгийг илтгэж байна.
Монголын байгаль хамгаалагчдын холбооныхон “Улс орнууд 2030 он гэхэд дэлхийн нийтээр газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах 30x30 зорилт дэвшүүлсэн. Үүнийг хангахын тулд 1.5 сая байгаль хамгаалагч шаардлагатай гэсэн тооцоо бий. Нэг талд байгаль хамгаалагчдыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, нөгөөтээгүүр, орон тоог нь нэмэгдүүлэх шаардлага тулгарлаа. Бид 11 аймгийн 30 гаруй сумын захиргааны байгууллага, малчдын нөхөрлөл, байгаль орчны мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг нэгтгэсний үндсэн дээр идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах журмын төслийг боловсруулж, салбарын яаманд хүргүүлсэн. Малчин өрх, нутгийн иргэд, нөхөрлөлийнхнийг анхан шатны мэргэшүүлэх сургалтад хамруулж, одоогоор 712 идэвхтэн байгаль хамгаалагч бэлдээд байна” гэв.
Ж.Сувд