Франц, Итали, Япон зэрэг оронд herbarium буюу хатаасан ургамлын урлаг уран зураг шиг болтлоо өндөр хөгжсөн байдаг. Энэ нь хотжилтын нүсэр хэмнэлд хүмүүс гэртээ янз бүрийн ургамал харж, мэлмийгээ баясган тайвшрах хэрэгцээг хангаад зогсохгүй минимал орчныг мэдрэмжтэйгээр бүрдүүлэх тренд болж байгаа тул декорт их ашигладаг. Анхны гарал үүсэл нь Италийн Пиза ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэгддэг бөгөөд хэдэн зууны өмнө хийсэн цэцгийн хатаамлууд өнөөг хүртэл байдаг аж. Ямар нэгэн ургамлын бүтцийг алдагдуулалгүй тодорхой арга техникийн дагуу хатааж, түүнийгээ цаасан дээр гоёмсгоор буулган, нэр төрлөөр нь ангилан цуглуулга үүсгэдэг энэхүү урлаг манайд ч түгэн дэлгэрэх болжээ. Энэ төрлийн сургалтууд ч нэмэгдэх болсон бөгөөд мэргэжилтнүүд herbarium урлагийн үндсэн ойлголт хийгээд ургамлын төрөл зүйл, ач тус, бэлгэдэл болон амьд цэцэгстэй хэрхэн ажиллах, яаж зөв хатааж сурах, наамал хийх, донж маягийг нь тохируулан жаазтай бүтээл болгох зэрэг бүхий л мэдээллийг суралцагчдадаа өгдөг байна. Танхимд багаараа хичээллэж, гоёлын амьд болон хатаасан цэцэгстэй ажиллахад хүмүүст онцгой мэдрэмж өгч, стрессийг нь тайлдаг бөгөөд та цэцэгсийг хатааж сурснаар шинэ хоббитой болох, цаашлаад бизнесийн боломжуудыг ч нээж өгдөг гэнэ.
Л.Ням