Хуучин хувцсаа хандивлах өдөрлөгийг ирэх сарын 17-ны ням гарагт 13.00-19.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулах гэнэ. Хувцасны шүүгээнд тань өмсдөггүй, эсвэл багадсан хувцас байж л байгаа даа. Үүнийгээ хэрэгтэй хүнд ньхандивлах боломжийг эл өдөрлөг олгож буй аж. Өөрөөр хэлбэл, өмсдөггүй, хуучин хувцсаа өдөрлөгийн зохион байгуулагч нарт тушаагаад оронд нь “ногоон оноо” авч болох нь. Хувцсаа хандивласан бүх хүнд үүгээрээ урамшуулал авах боломж бүрдүүлэх юм байна. Хамтран зохион байгуулагч газруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх гэх мэт урамшуулал багтах аж.
Угааж цэвэрлэсэн, урагдаагүй хувцас, цоороогүй, ул нь салаагүй гутал хандивлах боломжтой гэнэ. Өнгөрсөн жил цуглуулсан бүх хувцсыг Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ve¬loo foundation” байгууллагад хүлээлгэн өгчээ. Энэ удаадцуглуулсан хувцаснуудыг дахин ангилж, сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст хүртээмжтэй байдлаар хүргэх юм байна.
Ташрамд, “Veloo foundation” нь ашгийн бус, Канадад бүртгэлтэй сайн дурын байгууллага бөгөөдУлаанчулуутын хогийн цэг орчимд амьдардаг хүүхэд, иргэдийг дэмждэг аж.
Ч.Туяа