Ажлын өдрийг багасгах судалгаанд оролцсон зургаан орны 2900 гаруй ажилтны ядаргаа багасаж, илүү сайн унтаж амрах болжээ. Бостоны коллежийн судлаачид болох Вэн Фан, Жульет Шор нарын ахалсан шинэ судалгаанд дурдсанчлан цалинг бууруулахгүйгээр ажлын хоногийг багасгах нь ажилтнуудын сэтгэл зүй болон бие махбодод эерэг нөлөөтэйг онцолсон байна. Тодруулбал, АНУ, Британи, Австрали, Канад, Ирланд, Шинэ Зеландын141 байгууллагын ажилтнуудыг зургаан сарын явцадтуршилтад хамруулж, тэдний бүтээмжийг хадгалахын тулд шаардлагатай бүтцийн өөрчлөлт хийсэн гэнэ. Судалгааны үеэр “Таны сэтгэл санаа ямар байна вэ” хэмээх асуултыг зохих хугацааны давтамжтай тавьжээ. Ийнхүү зургаан сарын дараа 67 хувь нь ажлаас халшрах хам шинж багассан, 38 хувь нь нойр сайжирсан, ажлын сэтгэл ханамж нэмэгдсэн хэмээн хариулсан аж.
Харин одоогийн байдлаар цөөнгүй улс энэ аргыг хэрэгжүүлж эхлээд байна. Бельги одоогоос гурван жилийн өмнө 40 цагийн ажлыг дөрвөн хоногт шахаж хийхийг зөвшөөрсөн бол Исланд ажлын цагийг бууруулах замаар хуульдаа өөрчлөлт оруулаад буй. Литвад бага насны хүүхэдтэй төрийн албаныхан долоо хоногт 32 цаг ажилласан бол цалингаа бүтэн авах эрхтэй зэргээр хэд хэдэн орон эл арга барилд шилжсэн гэнэ шүү.
Д.Хэрлэн