“Мета” компанийн хиймэл оюуны судалгааны FAIR багт ажилладаг С.Сайнбаярыг салбарын судлаач, мэргэжилтнүүд нь өндрөөр үнэлж, “Google scholar”-ын хамгийн эрэлттэй, олон эшлэлтэй эрдэм шинжилгээний өгүүллийн эзнээр “тодруулаад” байна. Түүний судалгааны өгүүллээс бусад судлаач эшлэл авсан тоо 10 мянга давсан нь манай улсын технологийн салбарт, тэр дундаа хиймэл оюуны чиглэлд дээд амжилт, түүхэн үзүүлэлт болжээ.
“Google” компаниас хөгжүүлсэн тус системд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид хувийн талбараа үүсгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, онцлох судалгааны тайлан зэргээ нийтэлдэг бөгөөд шинжлэх ухааны бүтээлүүдийг нэг дороос хайж унших боломжтой дэлхийн хамгийн өргөн, үнэгүй хайлтын платформд тооцогддог юм. Түүнчлэн өгүүллийн тоо, эшлэлийн үзүүлэлт зэргээр нь аль салбарт хаанахын судлаач, мэргэжилтэн өндрөөр үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж буйг эндээс харж болдог.
С.Сайнбаяр 2015 оноос олон улсын сэтгүүлүүдэд судалгааны өгүүллээ нийтлүүлж эхэлсэн бол 2020 оноос эшлэлийн индекс нь эрс өсжээ. Тэрбээр 10-аас дээш удаа эшлэгдсэн 44, 30-аас олон удаа эшлэгдсэн 30 гаруй өгүүлэлтэй аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд түүний судалгааны бүтээлээс бусад судлаач, мэргэжилтэн эрдэм шинжилгээний зорилгоор нийт 10 521 эшлэл авчээ. Зөвхөн энэ он гарснаас хойш гэхэд эшлэлийн үзүүлэлт нь 1350-иар нэмэгдсэн байна.
Түүний энэ амжилт манай улсын технологийн салбарт анхдагч бол анагаах, биологи, химийн инженерчлэл зэрэг бусад чиглэлээр Монголдоо тэргүүлэх үзүүлэлттэй эрдэмтэн цөөнгүй аж. Тухайлбал, АНУ-ын Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Аръяагийн өгүүллийн эшлэлийн тоо гэхэд хэдийн 14 мянга давжээ.
Н.Мишээл