Монгол Улсын 21 аймгийн нэг болох Увсын 100 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд цэнгэлдэх орчмынх нь цахилгааны асуудлыг шийдэхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн мэдлийн багцаас хоёр тэрбум төгрөг гаргуулснаа ихэд сайрхжээ. “Хуучаа ярих гээд хулгайгаа дэлгэв” гээч нь болов. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тэрбээр салбарынхаа тухайлсан асуудлуудыг шийдэх зорилгоор эзэмшдэг сайдын багц зардалтай. Гэвч тус нутгийнхан бусдаасаа ямар давуу эрхтэй болоод гурван өдөр наадамлах эрчим хүчний хэрэгцээг нь хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж өгөх үүрэг хүлээдэг билээ.
Увсаас таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн тус аймгийнханд өртэй байж болох ч монголчууд үгүй. Увс аймаг гэж тусдаа вант улс, засаг захиргааны өөр нэгж биш. Жилийн 10 тэрбумын орлоготой Б.Чойжилсүрэн шиг хүн аймагтаа хувиасаа 500 саяыг хандивлана уу, таван тэрбумыг зээлнэ үү, бидэнд хүртээлгүй. Харин сонгогдсон тойргийн-хоо наадмыг тэмдэглэж өгөхийн тулд 2025 оны улсын төсөвт 4.5 тэрбум төгрөг суулгуулах лоббийг АН, МАН-гүй хүч хавсайдуулан бүтээчхээд, өөрийнх нь хариуцаж буй эрчим хүчний салбар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, улсаараа өвлийг хэрхэн давах нь ч эргэлзээтэй байхад нэмээд төсвөөс нь хумсалсан явдал бол огт өөр асуудал. Шууд утгаараа энэ бол эрх мэдэл, албан тушаал, давуу байдлаа урвуулан ашигласан авлигын гэмт хэрэг. Зүгээр ч нэг жалга довны үзлээр нутгархсан хэрэг биш. Энэ бол “дабл стандарт”.
Яахаараа Увсад төв цэнгэлдэх тохижуулахад Эрчим хүчний сайд нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр тэрбумыг зарцуулж, Ю.Цэдэнбалын нэрэмжит төв талбайг нь засварлахад Сангийн сайд 1.2 тэрбумаар дэмжлэг үзүүлж, “100 жилийн ой болж байгаа аймгийн төсвийг тодотголоор арай бага хассан” тухайгаа ичиж эмээлгүй ярьж байдаг билээ. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэж нэмэгдүүлэх, индексжүүлэх зарим шийдвэрийг Засгийн газраас хойшлуулсан, мөн “ДЦС-3” ТӨХК-д гарсан гэнэтийн ослын хохирлыг бууруулах, сэргээн засварлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор Эрчим хүчний сайдын багц дахь төсвийг сая тодотголоор хасалгүй нэмсэн болохоос биш, тойрогтоо өг гэж илүүчлээгүй биз дээ.
Б.ЧОЙЖИЛСҮРЭНД САНГИЙН САЙД “АГТНЫ ХАРИУ”-ГАА ЖИЛД НЬ БАРИВ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хүртэл “Баярласан хэрээ бархирав” гэгчээр зам тавихад мөн л тэрбум тэрбумын нөлөө үзүүлснээ ил цагаан пиардаж, “Улаангом-Ховдын чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг эхлүүлсэн, удахгүй ашиглалтад оруулна” хэмээн нийгмийн сүлжээндээ дэлгэсэн байна. МАН-ын гишүүн, Увсын Б.Чойжилсүрэнгийн лоббид АН-ын гишүүн О.Цогтгэрэл хүч нэмж, Сүхбаатарын гэгдэх Ж.Батсуурь гишүүн ч гар бие оролцож, хаа хамаагүй Дархан-Уулын Б.Жавхлан хүртэл нэгдсэн нь Монгол дахь авлига, албан тушаалын сүлжээ хил хязгааргүй гэдгийг, томоохон эрх ашгуудын нэгдэл ямар хүчтэйг харуулж байна. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг шиг өнгөрсөн жил Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сангийн сайд Б.Жавхлангийн сонгогдсон тойргийн хэсэг байршил дахь өрхүүдийг тусгайлан цахилгааны хөнгөлөлтөд хамруулах бичгийг цохож өгсний хариуг нутгийнх нь ойгоор буцааж барьсан ч байж болох юм.
“2008 онд УИХ-ын сонгуулийн өмнө Б.Чойжилсүрэн анх 20 000 төгрөг тарааж байгаад камертай хүнтэй таарч, бантаж буй төрхөөрөө олонд танигдаж байсан. Харин өнөөдөр тэрбээр “системийн тоглогч” болж хувирчээ. Гэтэл Увс аймгийн хөгжил дээшилсэн үү. Манайх газар зүйн байрлал, байгалийн өвөрмөц тогтоц, баялаг хийгээд хөдөө аж ахуй, аялал жуулчлал ч хөгжих бүрэн боломжтой. Гэсэн ч өнөөдөр ажилгүйдэл, ядуурал их, төрийн албанд улс төрийн нөлөө их хэвээр, дэд бүтцийн хөгжил хол хаягдсан, эрүүл мэндийн үйлчилгээ тааруу, малчдын боловсрол орхигдсон, бахь байдгаараа. Өнгөрсөн хугацаанд Увс аймаг хөгжсөн үү, эсвэл зөвхөн Б.Чойжилсүрэн хөлжсөн үү гэдэгт хариу нэхэх цаг нь болсон” хэмээн нэгэн иргэн бухимдлаа илэрхийлжээ.
Үнэхээр ч манайхаас өөр оронд бол УИХ, Засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэн “Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээг угтаж бид орон нутгийн болон улсын төсвийн 22 тэрбум төгрөгийг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан” гэж олон нийтийн телевизээр өнөөдөр хээвнэг ярьсан бол маргааш нь ажлаа өгчихсөн байгаа. Олон нийтийн хяналтын тогтолцоо сайтар хөгжсөн орнуудад иймэрхүү ёс зүйгүй төрийн өндөр албан тушаалтнууд зөвхөн огцрох хангалтгүй, мөрөөр нь мөшгөн, “мөчийг нь тоолон” хууль хяналтынхан шалгаж асуудлыг эцэслэдэг. Улс төрийн соёл өндөр хөгжсөн улсад төрийн түшээд, эрх баригчид нь “Бид татвар төлөгчдийн мөнгийг ариг гамтай зарцуулах ёстой” гээд бизнес биш, энгийн ангиллаар нислэгийн тасалбараа захиалдаг. Гэтэл манай улс төрчид төсвийн мөнгөөр хувийн пиараа хийж, түмний тархийг “хөөсөртөл” нь угаасаар өдий хүрсэн.
ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН САЙД НАРТАА Г.ЗАНДАНШАТАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ
Нэг үеэ бодоход монголчууд одоо татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн үеэрээ тансагладаг, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг явдлыг эрс буруушаан, дуугүй суугаад өнгөрүүлэхээргүй болсон. Энэ л шалтгаанаар “Шударга ёсны тэмцэл” гэж хамгийн их ярьсан хэрнээ юу ч хийгээгүй өмнөх Засгийн газрын тэргүүнийг эсэргүүцэн, огцруулах хэмжээнд хүргэсэн билээ. Гэтэл танхимаас нь цоолдож үлдсэн хэдэн сайдын гурав нь ийнхүү Увсын 100 жилийн ой тэмдэглэх нэрийдлээр улсын төсвөөс ил далд хумслан, нутгийнхан болоод тойрогтоо илүүчилж өгсөн явдалд олон нийт дургүйцэх нь зүйн хэрэг. Харин энэ тохиолдолд өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар хариуцлагагүй, ёс зүйгүй загнасан сайд нартаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь олон нийтийн сонирхлыг тун их татаж байна.
Орон нутгийн болон улсын төсвийн 22 тэрбум төгрөгийг нэг аймгийн наадмын талбайн тохижилтод аваачиж нааснаас нь харахаар бид “Галзуу баян азиуд” гэдэг шиг л хахаж цацсан хөрөнгөлөг үндэстэн юм шиг. Увсад хоёр тэрбумаар угтах, үдэх хаалга хийлээ, Хэнтийд хоёр тэрбумаар Андлалын хөшөөг сүндэрлүүллээ, Урт цагааны гудамжийг 42 тэрбумаар тохижуулж байна гэдэг. Солонгос кинонд гардаг шиг тэрбум гэдэг тоо манайхны амнаас “хажуу айлын нохойны нэр шиг” хялбархан гардаг болжээ. Тэгсэн хэрнээ хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас хүртэл “гар татаж”, залуучуудын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсвийг танаж, иргэдийнхээ нуруун дээр дарамт үүрүүлэн байж татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг байсхийгээд л нэмээд байгааг харахаар өнөө маргаашгүй дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн үгээгүй ядуу орнууд шиг санагдах. Ерөөс ой тэмдэглэхийн “дон” шүгэлсэн гэлтэй манайханд 21 аймаг, 330 гаруй сум бүгдээрээ тав, 10 жилийн зайтай ойгоо тэмдэглэдэг нь олзуурхууштай хэрэг болдог. Хажуугаар нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд албан байгууллага болгон ой тэмдэглэнэ. Өмссөн хувцас, унасан машин, эд хэрэгслээрээ хоо рондоо өрсөлдөж, хүний амьдралын чанар, улс нийгмийн хөгжлийн хэмжүүрээ хөрөнгө чинээгээр тогтоодог манайханд элдэв ойгоор энэ сэтгэлгээ нь улам сэдэрч, өр тавиад ч хамаагүй нутагтаа “Ланд круйзер 200”-тай очихгүй бол нэр төрд цөвтэй гэж үзэх нь энүүхэнд.
100 ЖИЛ ТЭМДЭГЛЭСЭН АЙМГУУДАД ЮУ ҮЛДДЭГ ВЭ
2023 онд л гэхэд Засгийн газрын тогтоолоор таван аймаг 100 жилийн ойгоо шил даран тэмдэглэсэн. Нээлт, хаалтын үзүүлбэрээс эхлээд аймгууд нэг нэгэнтэйгээ яаж барьцаж, мөнгөөр бороо хэрхэн оруулж байсныг уншигчид санаж буй биз. Тэмдэглэлт түүхэн баяр наадамтай жилүүдэд улс, аймаг, орон нутгийнхаа төсөвт их хэмжээний мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалтын ажлууд тусгуулдаг хэрнээ уугуул, суугуул иргэдээсээ ой болгоноор албатай юм шиг л мөнгөн дүнгийн хязгаар заагаад хүртэл хандив тусламж авдаг. Хамгийн гол нь зарцуулалт нь тодорхой бус өнгөрдөгт олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээс ч аргагүй юм. Өнөө жил Увсын тэгш ойгоор гэхэд л 1400 орчим хүн 11 тэрбум гаруй төгрөгийн биет болон биет бус хандив өгсөн гэнэ. Олон нийтэд өдгөө ил мэдэгдэж байгаа төсвийн болон иргэдийн хандивын 33 тэрбум төгрөгөөр увсынханд үлдэцтэй юм юу хийсэн бэ гэдгийг асууж, шалгаах эрх хэнд ч бий. Орон нутагт өгөөжөө өгөх ганц аятайхан үйлдвэрлэл эхлүүлэх санал санаачилга гардаг бил үү. Ойн дараа орон нутгийнханд үндсэндээ их өр л үлддэг. Улсын наадмын бай шагналыг хэд нугалсан төсвөөрөө өрсөлдөж, барилдах гэдэг үндсэн ажлаа л хийж буй бөхчүүдийг түрүүлбэл хэдэн зуун саяын үнэтэй жийп машинаар байлдаг, хэнд ч хэрэггүй хөшөө босгодог хоцрогдсон хандлагаасаа бид хэзээ нэг салах вэ.
Төв аймгийнхан 100 жилийн ойгоороо сааль бялхсан агар хувин, молор эрдэнийн дүрс, цацлын халбага бүхий зохиомжтой хөшөөтэй л үлдсэн. Завханыхан ч ялгаагүй, 2.7 тэрбумаар төв талбайгаа тохижуулж, бас нэг хөшөөтэй болсон. Архангайнхан газрыг нь орон нутгаасаа бүрэн шийдэж өгөөд “Ара комплекс”-ыг бариулсан ч эцэстээ хувийн хэвшлээ царайчилж, түрээсээр наадмаа хийхээр болсон байх жишээтэй. Энэ удаа увсынхан хэнтийнхийг төсвөөрөө давсан хаалгатай боллоо гээд амьдрал ахуй нь сайжирч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, аялал жуулчлал хөгждөг бол сайн сан. Архангайн 100 жилийнхтэй барьцсан наадмын нээлт хийх гэж мөнгийг хайр гамгүй цацсаны үр дүнд хүмүүс ам сайтай байгаа ч тэр магтаал ард иргэдийн амьжиргаанд нэмэр болдог бол сайхан аа. 80, 85, 90, 95, 100 жилийн ойгоо хэн нь их мөнгө цацаж, өргөн дэлгэр тэмдэглэснээр улс, аймаг орон нутаг хөгждөг бол монголчууд өдийд “Азийн бар” байтугай л үсрэнгүй дээшлэхээр боллоо. Харамсалтай нь, тэгдэггүйг өөрсдийн гашуун сургамж, туршлагаараа энэ олон жилийн турш та ч харлаа, би ч харлаа, бид бүгдээрээ харлаа. Гэвч ирэх он жилүүдэд Увсын 100 жилийн ойг давсан их төсвөөр наадамлах, хандив цуглуулах адын хүсэл бусдад нь төрөөд эхэлсэн л байгаа. Нэгэнт тогтсон буруу жишиг ийм аюултай.
Л.Аргамжин


