Зах зээл дэх хэрэглэгчийн зан төлөвийг судалдаг “NielsenIQ” компанийн саяхан олон нийтэд танилцуулсан тайланд дурдсанаар GenZ үеийнхэн хамгийн чинээлэг бөгөөд зарцуулалттай сегмент болж буйг онцолжээ. 2030 он гэхэд тэдний нийт худалдан авалт 12.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт хэрэглээний 18.7 хувийг дангаар бүрдүүлэх төлөвтэй гэнэ. Түүнчлэн эл үеийнхэн худалдан авалтдаа байгаль орчинд ээлтэй байдал, бизнесийн ёс зүйг чухалчлах болсон нь шинээр гарч ирэх брэнд, бизнесүүдийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай аж.
Цахим мөнгө буюу криптовалют, дижитал үйлчилгээний гол хэрэглэгчид болох шинжтэйг мөн онцолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний эдгээр хандлага нь бизнес, улс төр, боловсрол, хөрөнгө оруулалтын зэрэг бүхий л салбарт шинэ өнгө төрх үүсгэх нь гарцаагүй хэмээсэн аж. Хэрэв та бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогч бол Z үеийнхний сэтгэлгээ, хандлагатай уялдаж ажиллах нь ирээдүйн амжилтын түлхүүр болно гэв. Сонирхуулахад, тэд хүн ам зүйн хувьд хоёр тэрбумд хүрсэн цор ганц үе болоход ойртжээ. Ингэснээр тун удахгүй дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгийг дангаар эзлэх нь.
Д.Сэлэнгэ