Монголын ипотекийн корпорац, Японы Орон сууц санхүүжилтийн агентлагтай тогтвортой, ногоон орон сууцын санхүүжилтийг нэмэх, зорилтот харилцагчдад чиглэсэн бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр барилгын салбарт ногоон стандартыг нутагшуулах, чанар, хүртээмжийг нэмэх төдийгүй дотоодын банк, санхүүгийн салбарт ногоон орон сууцын санхүүжилт, үнэт цаас шинээр нэвтрэх боломж бүрдэх гэнэ. Тус хоёр байгууллагын 2019 онд үзэглэсэн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийсэн энэхүү гэрээг өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл мөрдөж ажиллах аж. Эл хугацаанд талууд тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, бонд гаргах, олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулж, сургалт, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв.
Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн ерөнхий захирал Ясүши Такаяама “Манай агентлаг нь эрчим хүчний хэмнэлттэй, нийгмийн чиг баримжаатай орон сууцын зээлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс бид эхний ээлжид Монголд орон сууцын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ. Мөн хоёр орны Засгийн газар хоорондын гүүр болж, бодлого, санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна. Орон сууцын тогтвортой санхүүжилтийн системийг урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд нутагшуулах бүрэн боломжтой” гэсэн юм.