Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч цолтой 2-3 алба хаагч суманд өртөж шархдан, БХХСАХНЭ-т хүргүүлэн иржээ. Ангийн байрлалдаа чухам яагаад суманд өртсөн талаар ЗХЖШ-ын хөдөлмөр хамгааллын байцаагч, дэд хурандаа Өлзийтогтохоос утсаар лавлахад “Бид үүнийг шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Шархдаж ирсэн цэргүүдийн биеийн байдлыг дээрх эмнэлгийнхнээс лавлахад “Шаардлагатай эмчилгээг хийж байна. Биеийн байдал нь гайгүй” гэсэн хариулт өгөв.
Цэргийн алба хаагчид суманд өртөж шархадсан асуудлыг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь шалгахаар явсан байна. Орон нутгийн Цагдаагийн газрынхан анхан шатны үзлэгээ хийж, дээрх ажлын хэсэгтэй хамтран нарийвчилсан шалгалтыг нь үргэлжлүүлэхээр болсон талаар ч цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албаны хүн “Зэвэрч, хуучирсан суман дээр гагнуураар юм наах гэсэн үү, таслах гэж байтал сум нь дэлбэрсэн байна лээ. Одоогоор хоёр хүн гэмтэж, шархдан нийслэл рүү хүргүүлэн эмчлүүлж байгаа” гэв.