Наадмын торгон ногоон дэвжээнд баруун, зүүн талын магнайд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж, мөрөн дээрээсээ гарган хийморь лундааг нь сэргээдэг хүмүүс бол засуул юм. Засаж буй бөхдөө сэтгэлийн дэм, урам өгөхөөс гадна үнэн шударга, харгүй, хоргүй барилдахыг эрхэмлэн захидгаараа хамгийн ойрын түшиг тулгуур нь болдог. Бөх, засуул хоёрын дунд олон чухал яриа өрнөнө. Бөхчүүдийг золгуулах, гараа, дэвэлтэд нь дагаж зааварлах, шаардлагатай үед барьц сонгуулах нь энгийн нэгэнд амархан мэт харагддаг ч өндөр үүрэг хариуцлага шаарддаг хүндхэн ажил. Засуул хүнд олон авьяас бий. Ховд аймгийн Чандмань сумаар овоглодог улсын ахлах засуул Б.Булгаа өөрийн хүсэл сонирхлоор бөхийн цол дуудаж сурчээ. Харин бөх засах эрдэм ухааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын тонж манлай засуул агсан Д.Цогзолоос суралцаж, багшийнхаа зааж, зөвлөсөн бүхнийг ажил, амьдралдаа хэрэгжүүлэн, засуул хүний ёс зүйг өндөрт өргөж яваа. Монголын үндэсний бөхийн холбоо Ховд аймагт өнгөрсөн жил “Бөхийн цол дуудаачдын VI уралдаан”-ыг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулахад тэрбээр III байрт шалгарсан юм.
-Бөхчүүдийг наадмын дэвжээнд зодоглоход нутгийнх нь уул, ус дагаж ирдэг гэх яриа бий. Цэнгэлдэхийн талбайд олон жил бөх зассаны хувьд та үүнийг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэрдэг байх.
-Тэгэлгүй яах вэ. Бөхийн цолыг дуудахдаа алдар сууг нь аймаг, сумынх нь нэртэй нь хослуулан цоллодог. Наадмын дэвжээнд гарахад нутгийн уул, ус нь дагаж ирдэг гэх яриа монголчуудын эртний бэлгэдэлтэй холбоотой. Энэ нь бөхчүүдийг нутгийнх нь уул, ус ивээж, хийморь лундааг нь сэргээдэг гэж үздэг. Миний төрсөн нутаг бол Ховд аймгийн Чандмань сум. Үеийнхээ хүүхдүүдтэй нөхөрлөж, хөдөө өссөн болохоор нутагтаа очсон үед хүүхэд насны минь дурсамжууд бодогдож, нүдэнд харагдах шиг болдог. Манай сум улсын цолтой найман бөхтэй. Аймагтаа хамгийн олон улсын цолтон төрүүлсэн нутаг гэдгээрээ тэргүүлдэг. Улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан, улсын харцага Н.Батзаяа, улсын начин И.Мөнхбаатар, Ч.Цогбаяр, Б.Заяамандах нар энэ сумаар овоглож, наадамчин олны хайр хүндлэлийг дааж яваа. Би 2008 онд сумынхаа наадмыг үзэхээр очихдоо бөхийн цол анх дуудаж байлаа. Улсын засуулын олонх нь үндэсний бөхөөр барилддаг. Миний хувьд 2011 онд Монголын үндэсний бөхийн холбоонд засуулаар орж, энэ хүндтэй ажлынхаа гарааг эхлүүлсэн.
-Жил бүрийн наадам өвөрмөц онцлогтой, дурсах зүйлтэй болдог. Цэнгэлдэхийн талбайд бөх үзэхээр ирсэн олныг анхаарлыг тавын давааны барилдаан их татдаг даа.
-Тавын даваа эхлэхээр өөрийн эрхгүй сэтгэл догдолж, самсаа шархирна. Зүүн, баруун талд улсын аварга, арслангууд цолоо дуудуулахыг нь сонсож баясна гэдэг хамгийн сайхан агшин шүү дээ. Би 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд бөхийн засуулаар анх ажилласан. Тэр жил 512 бөх хүч сорьсноос Увс аймгийн Давст сумын уугуул, аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж улсын арслан, Архангайн Булган сумын харьяат, улсын заан Д.Рагчаа үзүүрлэн улсын гарьд цол хүртэж байв. Даваа бүр цолтой болсон тул бөхчүүд наадмын дэвжээнд хариуцлагатай барилдахыг хичээдэг юм. 2018 оны наадмаар тавын даваанд аймгийн цолтнуудаас Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Ш.Мөнгөнбаатар миний мөрөн дээрээс гарч улсын харцага цол хүртсэн. Түүнийг улсын заан М.Өсөхбаяраар тав давж, начин цолны болзол хангахад үзэгчид талархан хүлээж авсан нь сэтгэлд тод үлджээ. Жил бүр улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт бичигддэг байсан түүнийг давчихаасай гэж хүлээж байсан нь олны уухайнаас анзаарагдаж байв. Хамгийн сүүлд миний мөрөн дээрээс Архангайн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал гарч, улсын начин цол хүртсэн дээ.
-Бөхийн засуулууд эрэмбэ, дэг жаягтай. Зүүн, баруун талын магнайд зогсдог засуулын мөрөн дээрээс улсын цолтнууд гарч харагддаг юм.
-Жил бүрийн наадмаар бөх засаж, улсын цолд хүргэдэг засуул олон бий. Тиймээс бөхчүүд засуулдаа хүндэтгэлтэй ханддаг. Увс нутгаас төрсөн хоёр залуу хүчтэн бий. Ж.Ням-Эрдэнэ 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын заан М.Өсөхбаяраар дөрөв, улсын заан Н.Жаргалбаяраар тав давж улсын начин цолны босгоор алхсан. О.Түмэн 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын харцага Т.Бэгзсүрэнээр тав давж, мөн Монгол улсын начин цол хүртсэн. Тэрбээр хүндэлж явдгаа илэрхийлж, начин цолныхоо найранд намайг урьсан шүү.
-Бөхөөр хичээллэдэг залуус хожим засуул болсон байх юм билээ. Та ч тэдний нэг болов уу?
-Би хүүхэд байхаасаа бөх үзэх дуртай. Бөхийн цол дуудаж, барилдааныг нь тайлбарлах сонирхолтой санагддаг байлаа. Тэр хүсэл мөрөөдлөө 2012 онд биелүүлсэн. Монгол бөхийн өргөөнд 2016 онд болсон бөхийн цол дуудаачдын уралдаанд 148 хүн оролцож, гурван өдөр өрсөлдөхөд би VII байрт орсон юм. Харин 2023 онд 115 цол дуудаачаас IV байрт шалгарсан. Энэ мэтчилэн өөрийнхөө авьяасыг сорьж, ур чадвараа ч ахиулсан. Бөх засаж, цолыг нь дуудна гэдэг алдаа гаргаж болохгүй хариуцлагатай ажил. Дахин давтаж болдоггүй тул сайтар бэлдэж, зөв дуудах ёстой. Гурвын даваанаас эхэлж цол дууддаг болохоор хүмүүс нутгийнхаа бөхчүүдийг харахаар ирдэг. Тав, долоогийн даваанд цол дуудахад талбай үзэгчдээр дүүрч, цэцгийн мандал шиг харагдах нь таатай. Үндэсний бөхийн цол, сур, шагайн харвааны уухай, хурдан морины уралдаанч хүүхдийн гийнгоон дуу дараа жилийн наадам болтол чихэнд хоногшиж үлддэг.
-Цол дуудаачид багштай байдаг. Танд энэ бүхнийг хэн заав?
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Монгол Улсын тонж манлай засуул, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол агсан миний багш. Олны талархлыг хүлээсэн багшийнхаа эрдэм, авьяасаас нь суралцсандаа баярладаг. Сүүлийн үед Б.Цэрэндагва дүүгийнхээ удирдлагад бэлтгэл сургуулилалт хийж, бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд оролцож байна. Миний хувьд аймгаасаа улсын ахлах засуул болсон анхны хүн нь, сумаасаа хоёр дахь нь. Өнгөрсөн жил Чандмань сумын 100 жилийн ой болж, нутгийн олон, хамаатан садны ах дүүс, найз нөхөдтэйгөө уулзаж, өргөн дэлгэр тэмдэглэсэн. Харин энэ жил наадмаа хойшлуулсан сураг дуулдлаа. Хаана ч явсан нутаг минь бодогддог болохоор жил бүр зорьж очоод тухтай амрахыг хичээдэг.
-Та аль талд бөхийн засуул хийж, цолыг нь дууддаг вэ?
-Би баруун талын засуул.Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, мөн Б.Цэрэндагва нар барууны магнайд улсын аварга, арслан цолтой бөхчүүдийн цолыг дууддаг. ЦДБЭЧ-д уртын дуучнаар ажилладаг Б.Мягмардорж бид хоёр одоогоор бөхийн цол дуудаачаар бэлтгэгдэж байгаа. 2016 онд бөхийн цол дуудаачдын уралдаан болох талаар сонсоод оролцож үзэхээр шийдсэн юм. Шилдгүүдтэй анх өрсөлдөхдөө 25 оноо авч, VII байр эзлэн урам орсон. Тэр үед Д.Цогзол багш “Чи цол дуудах авьяастай хэрнээ надад яагаад хэлэхгүй яваад байсан юм” гэхэд Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга асан Б.Цогтбаатар ”Булгаагаар бөхийн цол дуудуулах нь зүйтэй. Хойшид бэлдэх хэрэгтэй” гэж билээ. Миний хувьд аваргуудыг засаж, цолыг нь олон жил дуудсан багшаасаа эмээсэн хэрэг л дээ.
-Наадам дөхөхөөр гоёлоо зэхэхээс авхуулаад бөхийн засуулуудын завгүй ажил өрнөдөг биз?
-Цэнгэлдэхийн талбайд бөх засаж, мөрөн дээрээсээ гаргана гэхээр догдолж, баярлана шүү дээ. Бөхчүүдтэй хамгийн ойр байдаг хүн бол засуул. Тиймээс үүрэг, хариуцлага нь өндөр. Хүмүүст малгайг нь барьж зогсдог мэт харагддаг ч засаж буй бөхдөө зааж, зөвлөх, хийх мэхийг нь хэлж, сануулах, товч үгээр ойлгуулах зэргээр маш их нөлөөлдөг чухал хүн нь байдаг. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд (2018 онд) Ш.Мөнгөнбаатарыг зургаагийн даваанд барилдахын өмнө “Миний дүү даваа ханах болоогүй шүү. Сайн барилдаарай” гээд үнссэн. Тэрбээр улсын харцага А.Цацабширыг өвдөг шороодуулж, Монгол Улсын харцага цол хүртсэн. Түүнээс өмнө 2016 оны наадмаар улсын заан Н.Жаргалбаярыг аймгийн хурц арслан цолтой байхад нь тавын даваанд би зассан юм. Тэрбээр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг унагаж, зургаагийн даваанд аймгийн арслан, одоо улсын харцага цолтой Ч.Батчулууныг хаяж, харцага цолны болзол хангасан. Миний зассан бөхчүүд энэ мэтчилэн зургаа давж цол хүртдэгт нь их бэлгэшээдэг. 2017 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, улсын начин Ч.Батчулуун агсныг таван даваанд Б.Гончигдамба гарьд амлалаа. Түүнд “Дүү минь чи харж бай. Гарьд мордох гээд байх шиг байна. Чи мордсон хөлийг нь хөмрөө болгоод зүтгэчихвэл давна даа” гэж хэллээ. Тэрбээр миний зөвлөснөөр гарьдыг яг мордоход нь хөмөрчихөв. Намайг тэвэрч аваад “Ах аа, би давсан уу” гээд асууж билээ. Засуул хүн засаж буй бөхийнхөө догдлол, сандралыг дарж, тайвшруулан дэвжээнд сэтгэлээрээ хамт барилддаг юм шүү дээ. Бүтэн жил хичээж, хөдөлмөрлөснөө наадмын өдрүүдэд харуулдаг тул сэтгэл зүй нь тогтворгүй болдог юм. Тийм үедээ яарч сандарна, бухимдана, эмээж, сүрдэнэ. Тэр бүрийг нь засуул гярхай ажиглан харж зөвлөдөг юм.
-Та аав, ээжийнхээ аль талаас бөхийн удамтай вэ?
-Аав залуудаа барилддаг, ээж өндөр, биерхүү, тэнхээтэй хүн байсан. Манай нутагт адуу бугуйлдаж унадаг. Хүний алдсан бугуйлтай шүдлэн адууг давхиад ирэхэд нь ээж барьж аваад хүлчихдэг бяртай хүн байлаа. Би засуулууд дундаа өндөр, биерхүү нь. Манайх гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд минь бөх нэг их сонирхдоггүй. Би ч тэднийг хичээллэ гэж хүчилдэггүй.
-Энэ жилийн наадмаар ямар бөхчүүд тунаж, үзүүр түрүү булаалдахаар харагдана.
-Улсын аваргуудаас О.Хангай, арслангуудаас Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, заан цолтнуудаас Б.Бат-Өлзий тунахаар өнгөтэй харагдсан. Тэд энэ удаа ч хоорондоо таарч, даваа өгсөж барилдах болов уу. Наадмын барилдаан завсарлахаар засуулуудтай сур, шагайн харвааны асраар орж, нутгийнхаа харваачдын цэц сорихыг хардаг. Наадмын талбайд өдөржин зогсож, ядрахаа мэдэхгүй ажилладаг хүмүүс бол засуулууд байдаг. Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядарсан ч сайхан санагддаг. Би цол дуудах, бөх засах эрдмээс одоо ч суралцсаар явна. Улсын алдартай засуулуудаас өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй суралцсан бол одоо дүү нартаа сурсан мэдсэн зүйлээ харамгүй хуваалцдаг. Тэднээс ч надад сурах зүйл бий. Багш бидэнд засуул хүн хүмүүстэй ярилцахдаа үг цэгцтэй, олны дунд биеэ зөв авч явахыг байнга захидаг байсан. Шавийн хувьд нэрийг нь өндөрт өргөж явахыг хичээдэг.
-Наадмын барилдаан тааварлашгүй зүйлээр арвин байдаг. Үндэсний спорт өндөр хөгжсөн өнөө үед бөхчүүд нэгийнхээ барилддаг арга барилыг мэднэ шүү дээ.
-Хэн бэлтгэл сургуулилалт тууштай хийсэн нь улсын цол хүртэнэ. Сүүлийн үед сумын заан цолтнууд улсын аварга, арслангуудтай ана мана өрсөлддөг болсон. Хичээж хөдөлмөрлөвөл Монгол бөхийн дэвжээ хэний ч хүүг ивээдэг. Ховд аймгийн бөхчүүд О.Хангай аваргын удирдлагад Харзтайд байрлах шинэ амралтын газар наадмын бэлтгэлээ базааж байна. Дэвжээний дасгалжуулагч нь улсын заан Б.Пүрэвсайхан. Би бөхийн цол дуудахыг өөрийн сонирхлоор сурсан. Бөхийн өргөөнд барилдаан үзэж суухдаа цол дуудаж буй засуулуудыг хардаг байлаа. Гэртээ ирээд тэднийг дуурайж цол дуудна. Иймэрхүү маягаар сурсан. Бөхийн цол дуудаачдын уралдаанд байр эзлэхээс илүү хамт оролцож байгаа хүмүүсийн авьяас, ур чадвараар бахархаж, амьдралд минь тохиох ховорхон боломж гэж боддог. СУИС-ийг мэргэжлийн дуулаачаар төгссөн уран бүтээлчидтэй өрсөлдөхдөө эхэндээ сандардаг байсан бол сүүлдээ давуу талаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг болсон. Бөхийн засуулуудаас багшаас гадна биеэ цэгцтэй авч явдаг, бөхчүүдэд зөв шаардлага тавьдаг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, улсын ахлах засуул Л.Хадааг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багт олон жил ажилласан туршлагатай.
-Бөх, засуул хоёрын дунд өрнөдөг ярианы талаар сонирхуулаач.
-Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Нэг нь “Ах аа цолыг минь сайхан дуудаад өгөөч. Хийморь лундаагаа сэргээх цаг болжээ” гэнэ. Нөгөө нь заалны барилдаанд олон таараагүй бөхтэй хүч үзэхээр болбол “Тэр аль талаараа барилддаг бол. Учраагаа ямар мэхээр голдуу өвдөг шороодуулдаг вэ. Түүнтэй яаж барилдвал болох вэ” гэж асууна. Наадмаар улсын аварга, арслангууд ам авахад залуу бөхчүүд эмээж сандарна. Тийм үед нь сэтгэлийн дэм өгч “Тайван бай. Барилдаж үзээгүй барилдаан биш, давж үзээгүй даваа биш, унаж үзээгүй унаа биш. Олон зүйл бодож, хямралгүй барилдаандаа төвлөрч, анхаарал хандуул. Хэнтэй ч таарсан эмээлгүй өөрийнхөөрөө барилд” гэж хэлээд гаргадаг. Хоёр бөх хайнцаж унахад “Чи ингэж уналаа, тэгж хаялаа” гэхээс илүү “Битгий маргалд. Камер шүүгээд үз. Тэгээд дараа нь унасан, давснаа шийд” гэдэг. Бичлэгийг нь үзээд “Миний дүүгийн тохой арай түрүүлээд хүрсэн байна, тахимаа өгчих. Чиний өвдөг түрүүлээд хүрчээ. Давсан байна” гэх зэргээр хэлж, зөв ойлгуулдаг.
-Цол дуудаачдаас зарим нь хонины бэлчээрт радио сонсож, бөхийн барилдаанд татагдсанаа өгүүлсэн удаа бий л дээ.
-Намайг хүүхэд байхад өнгөт зурагт ховор. Би ч бас тэдний адил хонины бэлчээрт радио сонсож, бөхийн барилдаанд дурласан. Залуу байхад наадмаар зургаан заан цолтны барилдааныг их ярьдаг сан. Тэднээс дөрөв нь түрүүлж, улсын аварга цол хүртсэн байна. Монгол бөхийн барилдаан сайхан шүү дээ. 2022 оны наадмаар 1024 бөх зодоглоход О.Хангай түрүүлж улсын аварга, Б.Орхонбаяр үзүүрлэж улсын арслан цол хүртсэн. Тэр жилийн наадам сайхан болсон. Миний бөх зассан 15 жилд хамгийн их догдолж баярласан оргил үе байлаа. Ховд аймгаас 1940 онд улсын наадамд Ш.Ванчинхүү хэмээх бөх түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм билээ. Түүнээс хойш 82 жилийн дараа төрийн наадмын түрүү бөх нутгаас минь тодроход өөрийн эрхгүй догдолж, баярын нулимс унагасан. Аймаг, сумаараа улсын аварга цолтон төрөхийг олон жил хүлээсэн шүү дээ. Тэр жилийн үзүүр түрүүний барилдааныг хүмүүс амьсгаа дарж үзсэнийг мартдаггүй. Би өнгөрсөн он жилүүдэд засуулаар ажиллахдаа Ховд аймгаас хэзээ нэг цагт түрүү бөх тодроосой гэж их боддог байлаа. Засуул хүнд тавын даваанаас дээших даваануудын барилдаан сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Улсын заан цол хүртэж байгаа бөх сайхан. Шөвгийн дөрөвт тунасан бөх энэ цолыг хүртдэг. Бөх бүрийн хүсдэг цол ч амархан хүртддэггүй юм. Заан цолтонгүй наадам цөөнгүй бий. Өнгөрсөн жилийн наадмаар төрөөгүй. Тийм л өндөр хариуцлагатай барилдаан шүү дээ. Заан цолтой бөхийг давж байж үзүүр, түрүү булаалдана. Тийм сайхан барилдаан харуулахын тулд бөхчүүд ухаанаа уралдуулж, уран мэх гаргадаг.
-Таны ажлыг гэр бүл тань хэр ойлгож дэмждэг вэ?
-Заалны болон түүхт ойн баяр тохиох, Улс тунхагласны, Үндэсний их баяр наадмын барилдаанд бөх засаад завгүй явахад хань минь ойлгож, ар гэрийнхээ бүх зүйлийг хариуцан, миний оролцоогүйгээр амжуулдаг. Эхнэр бид хоёр нэг нутгийнх. Итгэл даадаг сайн ханийн хүчинд эр хүн урагшилж, өөдрөг явдаг юм шүү дээ. Хотол олноороо цэнгэн баясдаг баяр наадмын өдрүүд хаяанд ирлээ. Энэ ташрамд Ховд аймгийн Чандмань сумд суугаа нутгийн ахан дүүстээ болон Монголынхоо наадамчин олонд Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн мэнд дэвшүүлж, сайхан баярлаарай гэж ерөөе.