БНХАУ-ын өмнөд бүс нутгийг, тэр дундаа Хайнань арал болон Вьетнамыг дайран өнгөрсөн Майсак хар салхины улмаас Гуанси мужийн Люлан далан нурж, хоёр хүн амиа алджээ. Улмаар олон зуун барилга, байгууламж усанд автаж, зарим хэсэгт цахилгаан тасарсан байна. Мөн ойролцоох Гүйган хотод тээврийн хэрэгслүүд үерт урссан бол Фанчэнганд усны түвшин автомашины жолооны хүрдний өндөрт хүрсэн гэнэ. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан эрх баригчид гамшгийн эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдлыг хамгийн дээд буюу I зэрэглэлд хүргэж ахиулсан бөгөөд үерийн бүсээс 48 мянга гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
1960 онд ашиглалтад оруулсан, бүс нутгийн стратегийн чухал объектуудын нэг болох Люлан далан нь 95.52 сая шоо метр ус хадгалах хүчин чадалтай бөгөөд ойролцоогоор 170 мянган иргэнийг ундны усаар хангадаг аж. Тус байгууламжийг 100 жилд нэг удаа тохиох хэмжээний үерийг тэсвэрлэхээр төлөвлөн барьсан ч хар салхины нөлөөгөөр ердөө 24 цагийн дотор 411.5- 565 мм хур тунадас орсон гэнэ. Улмаар усны түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, 111.2 метрт хүрснээр далангийн хоёр хэсэг эвдэрч, 50 гаруй метрийн өргөнтэй сэтэрхий бий болжээ. Цаг уурчдын мэдээлснээр Майсак хар салхи эх газар луу ойртох тусам хүч нь сулрах ч Гуанси, Гүйжоу, Хунань мужид үргэлжлэн орох аадар борооны улмаас үерийн аюул улам нэмэгдэж, эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүйг анхаарууллаа.
Э.Сүйлэн