Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан болон Дэдэнпонров дуганыг сэргээн засаж буйтай холбоотойгоор зарим бүсэд гадаад, дотоодын жуулчид нэвтрүүлэхийг хориглосноо хийдийн захиргаанаас мэдээллээ. Тус хийдийнхэн өнгөрсөн жилийн зургаа, долоодугаар сард мөн засвар, тохижилтын ажил хийж, хэсэгчилсэн “хөл хорио” тогтоосон нь шүүмжлэл дагуулж байв. “Өдөр алдаж шөнө гэгчээр ид жуулчлалын улиралд засвар, тохижилтын ажил эхлүүлж, төлөвлөгөөт, хөтөлбөрт аяллын тогтсон маршрутыг эвдлээ” хэмээн тур оператор компанийнхан шүүмжилж, бухимдаж байсан юм. Тэгвэл өнөө жил ч ийм явдал давтагдаж, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэв.
Соёлын өвийг хамгаалах, сэргээх ажлын хүрээнд дээрх хоёр дуганыг түр хугацаанд хааж байгаагаа Гандантэгчэнлин хийдийнхэн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд зарласан ч засвар хэр хугацаанд үргэлжлэх, хэдийнээс жуулчид болон сүсэгтэн олныг хүлээн авч, хэвийн ажиллаж эхлэх талаар тодорхой мэдээлээгүй гэнэ. Энэ нь бүх зүйл урьдчилсан төлөвлөгөө, бэлтгэлийн дагуу явдаг аялал жуулчлалын салбарт тодорхойгүй байдал үүсгэж, жуулчдын тав тух, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж буйг тур оператор компанийн төлөөллүүд дурдлаа.
Н.Мишээл