“Таван цагариг” сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин, гэрэл зурагчин Ч.Ганбат нар23 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй билээ. Тэдний бичсэн тэмдэглэл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны албан ёсны цахимхуудсанднийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлснээс хойш ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино 16 өдрийн дотор 27 удаагийн нислэгээр 66 цагийг агаарт өнгөрүүлж, 24 тоглолт үзжээ.
BBC Sport-ийн мэдээлснээр ФИФА-ийн ерөнхийлөгчийн хувийн тийрэлтэт онгоц өнөөдрийн байдлаар 50 122 км (31 145 миль) замыг туулаад байгаа нь дэлхийн тойргийн уртаас ч давсан үзүүлэлт юм. Зарим өдөр Ж.Инфантино гурван ч удаа нисжээ. Түүний хамгийн урт аялал нь Ванкуверээс Майами хүрсэн 4 507 км (2 801 миль), хамгийн богино нь Филадельфигаас Нью-Жерси очсон “ердөө” 148 км (92 миль)-ийн аялал байжээ. Тэгвэл ДАШТ өндөрлөх үед ФИФА-ийн ерөнхийлөгч нийт хэдэн км зам туулсан байх бол гэсэн асуулт сонирхол татна.
СЭТГҮҮЛЧДИЙН АЯЛАЛ
Энэ мэдээг бичиж суухдаа ДАШТ-ийг албан ёсны эрхтэй сурвалжилж буй сэтгүүлчид бид өөрсдөө хэр их аялж байгааг сонирхож, багцаа дүн гаргахыг хичээсэн юм.
Мэдээж хувийн онгоцондоо тав тухтай орчинд VIP үйлчилгээ авч, онгоцны буудлаас цэнгэлдэх хүрээлэн хүртэл хамгаалалтын машинаар шууд хүргүүлж, тэр байтугай цэнгэлдэхийн доод давхрын тусгай хэсгээр нэвтэрч ороод, тоглолтын дараа шууд онгоц руугаа буцдаг ерөнхийлөгчийн аялал болон бидний аяллын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Бид бүх зардлаа өөрсдийнхөө халааснаас гаргаж, олдож буй хамгийн хямд тасалбарыг, тэр тусмаа дамжин буудаг нислэгүүдийг сонгодог. Газардсаныхаа дараа такси, Uber, нийтийн тээвэр, заримдаа хуучны танил, эсвэл бүр анх танилцаж буй монгол ахан дүүсийнхээ ачаар цэнгэлдэх хүрээлэнд очих нь бий. Дараагийн тоглолт дээр ч энэ бүхэн мөн л давтагдана. Тав тух, аян замын ядаргааны хувьд асар их ялгаа байх нь аргагүй.

МАЙАМИ ХҮРЭХ ЗАМД
Өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ны өдөр би гэрэл зурагчин Ч.Ганбатын хамтаар Атлантагаас Майами руу нисэхээр уудлын хүлээлгийн танхимд сууж байна. Аргентин, Кабо-Вердегийн тоглолтыг очиж үзэхээр яваа нь энэ.
Долдугаар сарын 1-ний үүр цүүрээр бид Сан-Францискогоос Лос-Анжелес хүртэлх 600 км (373 миль) замыг машинаар туулж, Канад-Өмнөд Африкийн багийн тоглолтыг сурвалжлаад мөн оройдоо Лос-Анжелесаас Атланта руу 3 511 км (2 182 миль) замыг онгоцоор туулав. Харин хэдхэн цагийн дараа эхлэх Аргентин болон Кабо-Вердегийн тоглолтыг сурвалжилхаар Майами руу хөдөлж байна. Бид хоёрыг 1 100 км (682 миль) зам хүлээж буй ч амжих ёстой.
Лос-Анжелесаас Сан-Франциско, Сан-Францискогоос Атланта, одоо Атлантагаас Майами... Олон нислэг хойшилж байгаа тул би их олон цагийг онгоцны буудал, цэнгэлдэх хүрээлэн хоёрын хооронд өнгөрүүлж байна.
ТОГЛОЛТ НЭМЭГДСЭЭР, АЯН ЗАМ ҮРГЭЛЖИЛСЭЭР
ДАШТ эхэлснээс хойш бид хоёр Сан-Франциско, Лос-Анжелес, Даллас, Денвер, Атланта, Майами, Остин, Хьюстон хот руу машин, онгоцоор очиж, заримд нь хоёр, гурван удаа ч удаа “зочилжээ”. Өдийг хүртэл нийт 15 тоглолт сурвалжлаад байна. Мөн нийт 21 удаа нисжээ. Туулсан замынхаа нийт зайг хожим буюу магадгүй ДАШТ-ий дараа тооцоолоход бүр ч сонирхолтой тоо гарах нь гарцаагүй. Учир нь биднийг уртаас урт 17 хоног, олон арван нислэг, өч төчнөөн тоглолт хүлээж буй. Мэдээж би Ж.Инфантинотой өрсөлдөх гэсэнгүй. Энэ бол жирийн нэгэн спортын сэтгүүлчийн ажлын ард байдаг, нүдэнд үл харагдах хүнд хэцүү хэсэг нь юм.
Эх сурвалж: aipsmedia.com, Ц.Энхтүвшин