Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос улс төрийн нам, эвсэлд энэ онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон байна. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс санхүүжилт олгож буй. 2024 оны сонгуулийн дараа энэ болзлыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангасан юм. Гэвч Үнэн ба зөв нам нь хуульд заасан дөрвөн төрлийн орлогогүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй учраас төрийн санхүүжилт аваагүй. Улмаар 2025 онд бусад намд нь үүнийг олгож байв. Тэгвэл 2026 онд дахин нэг эвсэл жагсаалтаас хасагдлаа. Учир нь өнгөрсөн сарын 22-нд Дээд шүүхээс ШИНЭ намыг бүртгэлээс хасах шийдвэр гаргасан. Шинэ нэгдсэн эвсэл нь эл намаас гадна МУНН-аас бүрдэж байв. Улс төрийн намын тухай хуулийн 27.11-т “Намыг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсооно” хэмээн заажээ.
Төрөөс санхүүгийн дэмжлэг авахын тулд намууд тухай бүрдээ хуулийн тодорхой шаардлагыг биелүүлэх ёстой. Улс төрийн нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, СЕХ, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргасан. Сонирхолтой нь, “тунаж” үлдсэн дөрвөн нам, нэг эвсэл бүгд төрөөс олгосон мөнгийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй байжээ. Тиймээс энэ оны санхүүжилтээс нь нийт 191 581 767 төгрөгийг хасаж тооцсон аж. Эдгээр нь парламентад суудалтай нам, эвсэл юм. Тэдэнд энэ онд 6.6 тэрбум төгрөг төрөөс өгөх бөгөөд үүнээс МАН 2.7, АН 2.2 тэрбум, ХҮН нам 712.6, ИЗНН 358.3, Үндэсний эвсэл 291 сая төгрөг тус тус авах нь.
С.Уул