Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver elephant mining” Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа зарлав. Сэлэнгэ аймгийн Түшиг сумд байрлах “Улаан овоо” нүүрсний уурхайг тэд Монголын уул уурхай, аж үйлдвэрийн томоохон группт түрээслүүлэхээр гэрээлсэн ч компанийн нэрийг одоогоор олон нийтэд тодорхой мэдээлээгүй байна. Гэрээний дагуу түрээслэгч компани тус уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр “Silver elephant mining”-д роялти төлөх аж. Эхний хоёр жилд олборлосон нүүрсний тонн тутамд хоёр, 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс тонн тутамд гурван ам.долларын роялти төлөхөөр тохиролцжээ. Гэрээ байгуулах үед тэд 300 мянган ам.долларын буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөр хүлээн авсан бөгөөд ирэх оноос эхлэн жил бүр 200 мянгын төлбөр авахаар болсон байна.
Уурхайн олборлолт, ашиглалттай холбоотой техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч, татвар болон бусад үйл ажиллагааны эрсдэл зэрэг бүх зардлыг түрээслэгч компани хариуцах аж. Тэд 2031 оны эцэс гэхэд жилд 300 мянгаас нэг сая тонн нүүрс олборлох зорилт тавьсан бөгөөд тус ордын нөөцийг 174 сая тонн гэж 2010 оны ТЭЗҮ-ээр тогтоожээ. “Улаан овоо” уурхайг 2010 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш ойролцоогоор нэг сая тонн нүүрс олборлосон байна. “Silver elephant mining”-ын удирдлагын үзэж буйгаар энэхүү түрээсийн гэрээ нь уурхайн үйл ажиллагааг дахин сэргээхийн зэрэгцээ компанид тогтвортой мөнгөн урсгал бий болгох боломж бүрдүүлнэ гэж мэдэгдлээ.
Г.Сансар