БНСУ-аас Монгол Улсад сугаа Элчин сайдын яам визийн мэдүүлэг хүлээн авах хэд хэдэн аж ахуйн нэгж сонгон шалгаруулахаар өнгөрсөн хоёрдугаар сард тендер зарласан. Уг тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдээс дөрвөн компани шалгарсны нэг нь “Монгол ньюс” ХХК гэдгийг “Өнөөдөр” сонин өмнө нь мэдээлсэн. Визийн мэдүүлэг хүлээн авах компанийн тоо өмнө нь гурав байсан бөгөөд ийн нэмэгдэж буй нь тус улсыг зорих монголчуудад илүү шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлж байгаа билээ.
“Монгол ньюс” компани өчигдрөөс БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авч эхэллээ. Тус компанийн байрны нэгдүгээр давхарт иргэдийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд даваагаас баасан гариг хүртэл 09.00-18.00 цагт ажиллах юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг “Монгол ньюс” компанийн ерөнхий менежер Б.Баярмагнайгаас тодрууллаа.
-“Монгол ньюс” компани хэдэн төрлийн визийн мэдүүлэг хүлээн авч байна вэ?
-Энгийн, урилгагүй аяллын, их, дээд сургуульд суралцах, эмчилгээний зэрэг нийт 36 визийн төрөл бий. Аяллынх л гэхэд урилгатай, урилгагүй гэж ангилах зэргээр дотор нь нарийвчилсан байдаг юм. Манайх бүх төрлийн визийн материал хүлээн авч байгаа.
-Виз хүсэх иргэд ямар материалууд бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Бүрдүүлэх шаардлагатай үндсэн материал гэвэл мэдээж гадаад паспорт болон бусад лавлагаа байна. Паспортын дуусах хугацаа нь зургаан сараас доошгүй байх юм. Хамгийн гол нь БНСУ руу явах гэж байгаа хүмүүс тэндэх хаягаа маш тодорхой болгох хэрэгтэй.
Гэрээний ажилтан болон хууль бусаар ажиллаж буй хүмүүсийн хаяг байж болохгүй. Мөн гэрлэсэн, эсэх лавлагаа, төрсний гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримт бүрдүүлнэ.
Үүнээс гадна ямар төрлийн виз хүсэж буйгаас шалтгаалан бүрдүүлэх зарим материал өөр байх юм. Сургалтын виз хүсэх гэж байгаа бол дээр дурдсан бичиг баримтууд дээр хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн хавсралт нэмэгдэх жишээтэй.
-БНСУ-ын виз хүсэхэд хэр шалгуур тавьдаг юм бол?
-Явах гэж байгаа зорилгоо үнэн зөв тодорхойлох шаардлагатай. Бизнесийн виз хүсэж байгаа хүн ямар чиглэлээр явах гэж байгаагаа нарийн тодорхойлох ч юм уу. Солонгост өмнө нь хууль бусаар ажиллаж байсан иргэд бол эрх нь нээгдсэн, эсэхийг заавал шалгаж байж виз мэдүүлэх ёстой.
Нээгдсэн байлаа ч виз олгоно гэсэн үг биш. Элчин сайдын яамнаас шалгаж байж шийднэ. Хууль бусаар, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол тус улс руу явах эрхийг нь хоёр жилээр хасах хууль дүрэм бий.
-Төлөөлөн гүйцэтгэгч компани ямар эрх, үүрэгтэй вэ?
-Элчин сайдын яамнаас зааж өгсөн журам, тавьсан шаардлагын дагуу материал хүлээн авна. Шийдвэрийг Элчин сайдын яам гаргана. Шууд яаманд биш, манайд хандсанаар тухайн иргэдийн ажлыг нэлээд хөнгөвчилж, чирэгдэл багасаж, үйл ажиллагаа илүү шуурхай болж буй хэрэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1131-8988, 9909-4141, 9904-8986 дугаараас лавлана уу.
Ч.МӨНХ