
Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монгол Улсын спортын түүхэн гавьяат цол хүртсэн хамгийн анхны тамирчин тэрээр 1916 онд Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт төрсөн.
Домогт аварга Эгэл хайрхан уулын тахилгад 14 настайдаа түрүүлж, амжилтын салхиа хагалжээ.
Улмаар цэргийн албанд татагдан ирсэн жилээ буюу 23 настайдаа улсын наадамд анх удаа зодоглон, М.Лхагва арслангаар ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн хосгүй амжилтын эзэн.
23 настайдаа улсын наадамд анх удаа зодоглон, М.Лхагва арслангаар ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн хосгүй амжилтын эзэн.
Мөн 1941 оны улсын наадамд Өлзийсайхан арслан, 1945 онд Цэвээнравдан заанаар тус тус ес, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж, дархан аварга цол хүртжээ.
Түүгээр ч үл барам 51 настайдаа улсын наадамд тав даван, харьшгүй хүчтэн гэдгээ баталсан юм.
Улсын наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн Б.Түвдэндорж аварга 1958 оноос үндэсний бөх, чөлөөт, самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Аваргын шавь нар дундаас дэлхийн хошой аварга хоёр, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт 10 гаруй шавь төрөн гарчээ.
Аваргын мэндэлсний 10 жилийн ойн хүрээнд хийж бүтээж буй, цаашид юу хийхээр төлөвлөж буй талаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын гарьд Доржсамбуу тэргүүтэй Булган аймгийн бөхчүүд, Б.Түвдэндорж аваргын гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Б.Түвдэндорж аваргын охин Отгончулуунтай цөөн хором ярилцлаа.
-Энэ онд Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Энэ ойн хүрээнд зориулж, чамгүй олон ажил хийхээр төлөвлөж байна, бид. Аавын маань мэндэлсний 100 жилийн ойг энэ сарын 20-нд улс орон даяар тэмдэглэнэ.
Төрж, өссөн Булган аймгийн Хангал суманд хөшөөг нь бүтээлээ. Мөн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан зохиолоо. Аавын тухай "Эргэл хайрханы домогт хүчтэн" дуу, клип бүтээж, амьдралынх тухай болон үе үеийн бөхчүүдийн дурсамж яриа бүхий ном, баримтат кино бүтээхээр төлөвлөж байна.
Аавын маань мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 20-нд болно.
Мөн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд "Домогт Б.Түвдэндорж аварга" сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийнхны дунд "Эргэл хайрханы домогт хүчтэн" эссэ бичлэгийн уралдаан, оюутнуудын дунд "Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохионо.
Аавын маань мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 20-нд болно.
-Б.Түвдэндорж аварга ер нь ямар зан, ааштай хүн байсан бэ?
-Их энгийн, дөлгөөхөн, дуу цөөтэй, нуруутай, биерхүү, бяр тэнхээтэй, огт уурладаггүй, инээгээд л сууж байдаг сайхан хүн байсан. Бөхчүүдийг их иддэг л гэдэг. Аав маань лав их иддэггүй байсан. Залуу бөхчүүдэд ""Хүн нас ахих тусмаа аяганыхаа хэмжээг багасгаж, бага идэх хэрэгтэй" гэж захидаг байсан гэнэ лээ. Саяхан манай сумын нэг ахмад бөх ""Аав чинь үнэхээр сайхан хүн байсан. Ямар үнэн үг хэлдэг байсан юм бэ" хэмээн дуу алдаж байна лээ. Аав маань спортын төлөө бүх насаараа зүтгэсэн. Ямар мундаг хүн байсныг нь одоо бүр их мэдэрч байна, би. Бид олонтой, түмэнд нэртэй явсан аавынхаа буянаар жаргаж явна аа. Аавын маань мэндэлсний 100 жилийн ой ч бас олны хүч, дэмээр сайхан болох байх.
-Аваргын тухай үе үеийн бөхчүүд дурсамжаа хуваалцаж, ном бүтээж байгаа гэсэн. Хэнийх нь дурсамж таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бэ?
еХ.Баянмөнх аварга их сайхан юм ярилаа. Аавын маань тухай ярихад нь сэтгэл хөдлөөд би бүр уйлсан. Саяхан Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаан болох гэж байгаад хойшилсон юм билээ. Учрыг нь лавлатал "Багшийнхаа тэмцээний өмнө зохиож болохгүй ээ. Дараа нь л зохиоё" гэсэн. Би Х.Баянхмөнх аваргад их баярлаж явдаг.
Аав маань нас барахынхаа өмнө хэвтэрт хоёр сар гаруй байсан юм. Манай ах дүү нараас дутахааргүй бөхчүүд манайхаар их ирдэг, асардаг байсан шүү. Ялангуяа Баянаа аварга манайд өдөр бүр ирнэ. "Багшийн бие хэр байна. Хэрэгтэй зүйл байна уу, хүүхдүүд ээ" гээд л ирдэгсэн. "Ямар сайхан бие хаатай, эрүүл чийрэг хүн байлаа. Ийм ч болчих гэж" гээд л уйлаад сууж байсан нь санаанаас ер гардаггүй юм.
-Барилдааныхаа болон бөхчүүдийн тухай та бүхэнд ярьдаг байсан уу?
-Наадамд түрүүлээд гэртээ ирсэн ч бөхийн тухай ялангуяа "Би түрүүлчихлээ" гэж ер дурсдаггүй байсан. Юу ч болоогүй юм шиг л инээгээд гэртээ ирдэгсэн.
-Түвдэндорж аварга хойд эцгээрээ овоглодог байсан гэсэн...
-Аавын маань төрсөн эцэг нь Гэндэн гэдэг, тайж угсаатай хүн байсан юм билээ. Харамсалтай нь манай аавыг дөрвөн настай байхад нь төрийн эсэргүү гээд хэлмэгдүүлчихсэн юм билээ. Бид тэр тухай нь саяхан л мэдсэн.
-Аваргыг залгамжилж, бөхөөр барилдаж яваа хүн танай удамд бий юү?
-Бараг алга даа. Аавын маань төрсөн дүү Цэрэндорж их том биетэй, бяр тэнхээтэй хүн байсан. Харамсалтай нь гарны бэртлийн улмаас ер барилдаж чадаагүй. Миний хүү Ундрах мэргэжлийн сүмогийн макүчи зиндаанд барилдаж байхдаа айхавтар бэртэл авч, спортоо орхисон.
Багад нь сайн бөх болно гэж аварга бөхчүүд хэлдэг байсан. Хүүн маань үндэсний бөхөөр барилдсан бол нэлээн юм дуулгах байсан.
-Аав тань та бүхэнд ихэвчлэн юу гэж захьдаг байсан бэ?
-"Зодог, шуудаг сайхан оёж сурах хэрэгтэй" гэж их захьдаг байсан. Манай ах, дүү нар бүгд багаасаа зодог, шуудаг оёж сурсан. Ээжээрээ эсгүүлж байгаад л оёдог байлаа. Бид одоо ч гэсэн зодог, шуудаг оёж бөхчүүдэд бэлэглэдэг.