Авто машин, мотоциклын уралдаан хамгийн олон үзэгчтэй. Тэд эр зоригийн энэ спортод хэн дүүлэн цойлж, амжилт гаргахыг сэтгэл догдлон хүлээдэг. Цээжинд уралддаг таван аваргыг ардаа орхиж, түрүүлэх тамирчныг дотроо битүүхэн харна. Уралдах оролцогчид жилээс жилд нэмэгдсэнээр “Мастер кросс”, “Авто ралли”, “Баха 150”, “Баха 250”, “Чингис мастер кросс” нэг бус хоёр өдөр үргэлжилдэг болов. Залуусын өрсөлдөөн ид өрнөж, ур чадвар, техникт дэвшил гарсан үед нэгэн тамирчин хүч түрэн, цахиур хагалж орж ирсэн нь 107 дугаартай Ч.Батчулуун байв. “Төмөрт хүлэг” клубээр овоглож, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө 20 настай, авто спортынхноос хамгийн залуу нь. 18 нас хүрсэн даруйдаа жолооны үнэмлэх авч, удтал хүлээсэн уралдаандаа оролцохоор тэмүүлэхэд аав нь дуртай дэмжиж, УАЗ худалдан авч өгөхөд их баярлажээ. Хэр баргийн эр зориглодоггүй эрсдэл өндөртэй спортод хүүгээ амжилт гаргана гэж итгэсэн аавынх нь найдвар талаар болсонгүй. Эл спортод уралдаж болох ч зааж, зөвлөх багшгүй бол амжилт гаргах амаргүй. Хүү нь туршлагатай тамирчдаас ОУХМ Ж.Төрмөнх, Д.Баясгалан нарын шавь болсон нь тун зөв шийдвэр байв. Хоёр багш нь шавьдаа мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, зөвлөсөөр амжилт гаргах замд хөтөлсөн гэдэг. “Мастер кросс”-т тоос өргөж, УАЗ-ын мөрийг уралдааны талбарт анх гаргасан тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтлуулсаар “Акулууд”-тай мөр зэрэгцэн, ана мана өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм. Өнгөрсөн жил залуучуудын оноо олгох 10 цуврал уралдаанд оролцсон тамирчдаас чансааг хэдэнтээ тэргүүлж, “Оны шилдэг залуу тамирчин”-аар тодорсон түүнийг зочноор урилаа.
-Авто машин, мотоциклын бартаат замын олон төрөлт уралдаанаас “Баха 150”, “Баха 250” өрсөлдөөн ихтэй болдог. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан тэмцээнд тоос хэрхэн өргөснөөс тань ярилцлага эхэлье.
-Тус тэмцээнд тав дахь удаагаа оролцож, ОУХМ Ж.Төрмөнх багштай хамт хурд сорилоо. Миний анх оролцсон тэмцээн бол Дархан-Уул аймагт зохион байгуулдаг “Чингис мастер кросс”. “Мастер кросс”-т хоёр удаа өрсөлдсөнийхөө дараа “Баха 150”-д анх оролцохоор замаа үзэж явахдаа “Хөөх, ийм замаар өгсөж, уруудах юм уу” гээд сүрдэж билээ. Шавар, чулуу, бартаа ихтэй замаар уралдахад ур чадвар, техникийн хүч чадлыг маш их шалгадаг. Авто спорт эдийн засгийн хувьд өртөг өндөртэй, уралдааны талбарт эрсдэл ихтэй тул санхүүгээ сайтар тооцоолж, аюулгүй байдлаа ханган бүх зүйлийг төлөвлөх нь чухал. Хүн бүр эл уралдаанд оролцохыг хүсдэг ч зориг гаргах нь ховор. Энэ удаа залуучуудын ангилалд уралддаг тамирчдаас гурав дугаартай Ц.Дашням ах “Баха 150”-д түрүүллээ. Сүүлийн үед тэрбээр сайн уралдах болсон. “Чингис мастер кросс”-оос хүрэл медаль хүртэж, Дорноговь аймгийн Замын- Үүд сумд болсон “Мөнгөн шонхор” уралдаанд IV байр эзэллээ. Аваргууд үргэлж түрүүлнэ гэж юу байх вэ. Аливаа зүйлд ээлж бий. Залуу үе хүч түрэн гарч ирж буйг тэрбээр амжилтаараа харуулж байгаа. Найм дугаартай “Аваргууд” клубийн тамирчин Г.Сүхболд “Мөнгөн шонхор” кроссын шигшээ гараанд техникийн саатлын улмаас дуусгаж чадаагүй. Түүний араас нэхсэн тамирчдаас Ц.Дашням ах шагналт байрт шалгарснаар залуучуудын онооны чансааг тэргүүлж эхэлсэн.
-Уралдах явцад юу ч тохиолдож болох тул та ч гэсэн замаа сайн үзэж, хэрхэн уралдах талаар төлөвлөгөө боловсруулдаг байх.
-“Баха 250”-д Ц.Дашням ахтай анх хамт уралдаж, спортын гараагаа эхлүүлсэн. Дараа нь 72 дугаартай уралддаг Д.Баясгалан ахын шавь болж, “Төмөрт хүлэг” клубийн тамирчин болсон юм. Надад авто спортын эрдмээс харамгүй заасан болохоор багшаа гэж хүндэлдэг. Дөнгөж уралдаж байгаа тамирчинд суралцах зүйл их. Багш минь эхэн үед “Чи түрүүлэх гэж хэт улайрах хэрэггүй” гэж зөвлөдөг байв. Би энэ жилийн эхний гурван тэмцээнд техникийн саатлаас болж хасагдсан ч сүүлийн уралдаануудад финалд шалгарсан. Хэдийгээр хөл минь гэмтсэн ч уралдах хүсэл минь намайг тэмцээний талбарт гаргасан. УАЗ ангиллын тэмцээнээс “Мастер кросс” хамгийн сонирхолтой. Миний догдолж хүлээдэг дуртай уралдаан. -Улаан УАЗ содон харагддаг. Та ийм өнгөтэй авто машинаар уралддаг цөөн тамирчны нэг дээ.
-Би одоо ч УАЗ-ынхаа өнгийг өөрчлөөгүй. Тэмцээнд 107 дугаартай оролцоод гурван жил болж байна. Надад долоогийн тоо бэлгэшээлтэй санагддаг. Миний авто машин, гар утасны дугаарт долоогийн тоо бий. Дугаар сонгохоор очиход хэдийг санал болгосон ч энэ тоо л их таалагдсан. Түүнээс хойш эзэндээ аз, амжилт аль алийг нь авчирлаа.
-Аваргуудын авьяас, ур чадвараас хэр суралцав. Хойшид хэрэг болох олон зүйлийг тэднээс олж харсан байлгүй? -68 дугаартай уралддаг Ш.Гомбодорж аваргатай Морингийн даваанд хамт бэлтгэл хийхдээ олон зүйл мэдэж авсан. Тэрбээр залуу тамирчдад урам их хайрладаг. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал зааж, зөвлөнө. Авто машины хоббитой надад түүний УАЗ-тай харайх, туг дээр эргэх нь их таалагдсан юм. Тухайн үед би 15 настай, уралдахыг хүссэн ч тэмцээнд оролцох насанд хараахан хүрээгүй байв. 18 нас хүрч, жолооны үнэмлэхээ гардаж аваад л уралдаанд оролцож эхэлсэн. Манайхан ч намайг дуртай дэмжсэн. Би удам дамжсан тамирчин. Аав авто машиныг маань бэлддэг. Өөрөө уралддаг байсан болохоор миний оролцсон тэмцээн бүрийг алгасалгүй үздэг. Гараанаас гарахын өмнө “Хүний үгээр битгий яваарай. Өөрийнхөөрөө уралд” гэж зөвлөдөг.
-Бариа ойртох тусам тамирчид их догдолдог юм билээ. Танд ч гэсэн тийм мэдрэмж төрдөг биз?
-Амжилттай уралдаад барианд орох сайхан. Өнгөрсөн жилийн сүүлийн тэмцээнд цээжинд уралддаг аваргуудаас Д.Болдбаатар (24), Ш.Гомбодорж (68) Л.Ариунболд (36) ахтай ана мана өрсөлдөж, араас нь нэхэхэд техникт нь саатал гарч зогссоноор би эхний таван байрт шалгарсан юм. Энэ мэтчилэн уралдааны замд аз сорьсон, тооцоолж, төсөөлөөгүй зүйл их гардаг. Уралдах сайхан ч туулах зам нь амаргүй. Бартаа саад ихтэй. Олон минутын зөрүүгүй бариалж, медалиас атгаад алдах үед өөрийн эрхгүй шар хөдөлдөг. “Тэр тойрогт тэгж эргэсэн бол, ингэж явсан бол” гэж хэдэн өдөр бодно. Дараагийн тэмцээнд даагаа нэхэхээр машинаа бэлддэг. Тамирчин бүрийн уралдах онцлог, тактик, явалтын техник өөр. Нэг нь ухаан гаргахад, нөгөө нь тооцоолж төлөвлөх жишээтэй. Уралдааны замд олон зүйл бодох хэрэггүй. Сэтгэл хоёрддог юм. Ямар ч тэмцээнд шатаж уралдвал эрсдэл гаргана, бэртэж гэмтэнэ, техникээ эвдэнэ. Би ч гэсэн ингэж уралдаад алдаж, оносон удаа бий.
-Таны судалдаг гол зүйл юу вэ. Тамирчдад нэгнээсээ ялгарах онцлог, давуу тал байдаг шүү дээ?
-Миний судалдаг гол зүйл бол аваргуудын уралдах техник. Өрсөлдөөний үед гаргадаг тэдний тактик тун сонирхолтой. Уралдах машиныхаа нэг зүйлийг дутуу хийвэл замд саатна. Тиймээс нэгбүрчлэн шалгаж, няхуур ханддаг. Би уралдаан эхлэхээс 10 хоногийн өмнө ажлаа зохицуулж, техникээ бэлддэг. Гавьяат тамирчин, 24 дугаартай уралддаг Д.Болдбаатар аваргын нэрэмжит кросс уралдаанд IV байр эзлэхдээ өөрт байгаа бүх нөөц, боломжоо дайчилсан. Гараанаас гарсан даруйдаа мөргүүлсэн ч тойрог бүрт урагшилсаар эхний таван байрт орсон. Тэр уралдаанд 36 дугаартай Л.Ариунболд ах түрүүлж байлаа.
-Үзэгчид шинэ тамирчдыг дэмжиж, түрүүлэхэд нь дуртай байдаг. Энэ нь ч тэмцээний уур амьсгалаас анзаарагдана биз?
-Уралдаан үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийг хараад сэтгэл догдолж, огшдог. Барианд ороход аавын найзууд, гэрийнхэн, хамт ажилладаг нөхөд тойрч бүчээд баяр хүргэж, урам хайрладаг юм. Авто спорт, тамирчны амьдрал намайг их өөрчилсөн шүү. Өмнө нь гадуур дэмий тэнэж, олсон мөнгөө үрдэг байсан бол одоо тэмцээнээс тэмцээнд оролцоод завгүй явах болсон. Ажил хийж авсан цалингаа УАЗ-ынхаа сэлбэг, засварт зориулдаг. Залуучуудын ангилалд болдог мастер кроссоос мөнгөн медаль хүртэхдээ одоо л би уралдаж сурч байна даа гэж өөрийгөө дүгнэсэн. Тус кросст 136 дугаартай Ө.Баярсайхан түрүүлсэн. Дээрх ангиллын тамирчдаас гурав дугаартай Ц.Дашням ах богино хугацаанд ур чадвараа ахиулж байгаа. “Аваргууд” клубт харьяалагддаг түүний тактик их өвөрмөц. Сүүлийн хэдэн тойрогт шахаад эхэлдэг юм.
-Авто спортод амжилт гаргахад гэр бүлийн дэмжлэгээс гадна багшийнх нь зөвлөгөө багагүй нөлөөлдөг шиг санагдсан.
-“Авто ралли”-д 500-600 км уралддаг. Юу ч мэдэхгүй дөнгөж уралдаж байгаа надад мэдэхгүй, чадахгүй зүйлийг минь хэлж, зөв чиглүүлж өгсөн Д.Баясгалан багшдаа баярладаг. Тэрбээр аливаа зүйлд нягт нямбай ханддаг зантай. Багш сэтгэл хөдлөл ихтэй. Раллид уралдахад “Миний шавь юу сурснаа харуулаад өг” гэж зоригжуулаад далан дээр минь нэг алгадаад гараанаас гаргаж байлаа. Би багштайгаа хамгийн сүүлд Баянхонгор аймагт болсон уралдаанд хамт оролцсон. Тэнд эхний туг эргээд л тэр их тоос шороонд дараагийн тугийг ололгүй зогссон. Эхний 10-т багтаагүй ч тэмцээнээ амжилттай дуусгаж байлаа. Надад мотоциклын уралдаан таалагддаг. “Дакар ралли”-гийн элсэн цөлд уралддаг мотоциклын тамирчдын уралдахыг сонирхож үзэх дуртай. Намайг хичээллэхээр сонирхоход ээж “Аюул, осол ихтэй” гээд зөвшөөрөөгүй. Харин хойшид дөрвөн дугуйтай мотоциклоор уралдаанд оролцоно гэж боддог. Авто, мото спортын тамирчид аюулгүй байдлаа хамгаалж комбинзон өмсдөг. Би таван жил уралдахдаа гурван комбинзон сольсон байна. УАЗ ангилалд хурд сорьдог залуучуудаас Ө.Баярсайхан миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Залуучуудын оноогоор түүнээс 10 гаруй онооны зөрүүтэй байсан тул өнгөрсөн жилийн тэмцээнүүдэд алгасалгүй оролцсон. Дараагийн уралдаан удахгүй эхлэх нь. “Мастер ралли” энэ сарын 26-27-нд болно.Тиймээс УАЗ-аа сайн бэлдэж, амжилттай оролцохыг зорьж байгаа. Манай “Төмөрт хүлэг” клубээс 15 тамирчин уралддаг. Клубүүдийн оноогоор манайхан одоогоор III байрт жагсаж буй. Миний хувьд өнгөрсөн жил залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртсэн болохоор дахиж уралдахгүй. Тус уралдаанд эхний гурван байрт шалгарсан тамирчид хасагддаг дүрэмтэй.
-Таныг дрифтийн тэмцээн үзэх дуртай гэж сонссон. Монголд хэд хоногийн өмнө болсон “Power expo & festival 2025” наадам сонирхлыг тань хэр татав?
-Надад дрифтийн тэмцээн сонирхолтой санагддаг. Манай улсад 13 дахь удаагийн “Power expo & festival 2025” наадмыг энэ сарын 9-11-нд зохион байгуулахад сонирхож үзсэн. Тус наадамд оролцсон гадаадын тамирчдын ур чадвар, техникийн хөгжил, дэвшлийг харж бахархлаа. Монголын тамирчид тэдэнтэй эн тэнцүү өрсөлдсөн. Тэр дундаа өмнөд хөршийн “China drift championship”-ийн тамирчин, долоон настай Шао Зияны гайхалтай авьяасыг биширсэн. Өөрөөсөө олон насаар ах тамирчидтай ана мана өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Манайхаас MDS дрифтийн мэргэжлийн ангилалд “Redline” клубийн тамирчин А.ЦэндАюуш, Ц.Саранцогт, улсын аварга Г.Баасанжав, SDS сонирхогчдын ангилалд “Drift master” клубийнхнээс Д.Нямдэлгэр түрүүлж, Б.Хүрэлбаатар удаалан, “Nek Drift team”-ын Ч.Эрдэнэсүрэн нар эхний гурван байрт шалгарсан.