Дэлхийн шатрын холбоо 100 жилийн ойн хүрээнд бага насны буюу 8, 10, 12 хүртэлх насныхны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг өнгөрсөн жилээс санаачлан зохион байгуулах болсон. Өсвөр үеийн тамирчдын чансаа өндөр, шигшээ тэмцээнийг зохион байгуулах болсон нь шинээр төрөн гарч буй ур чадвартай тоглогчдод туршлага солилцох, амжилтаа ахиулах боломжийг олгож буй. Эл тэмцээнд олон улс, тив, дэлхийн шилдэг тамирчид зохих шалгуур, квотоор оролцох эрхтэй байдгаараа онцлог юм. Энэ удаагийн тэмцээн Гүрж Улсын Батуми хотод болоход манай улсаас дөрвөн тамирчин оюунаа сорилоо. Тэднээс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх нарын удирдлагад А хэсэгт өрсөлдөв. Тэрбээр тус хэсэгт тоглосон өрсөлдөгчдөө хожиж, II байрт жагссанаар хүрэл медаль хүртсэн юм. Түүнтэй хамт дээрх тэмцээнд оролцсон Н.Аз-Эрдэнэ дөрөв, Н.Энхрийхэн тав, Б.Хангайсайхан аравдугаар байр эзэлжээ.