Бага насны хүүхдүүдийг ёс бус үгээр хэлж, хараан, халуун төмрөөр хайрч түлнэ гэж айлган сүрдүүлж байгаа иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Үүний мөрөөр энэ сарын 29-нд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран тухайн багачуудыг хамгаалалтад авч, эрсдэлийн байдлыг нь тогтоожээ.
Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумд амьдардаг С.Мөнх-Очир гэх иргэн бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, шашны зан үйл хийлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн аж. Энэ тухайд цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхдүүдийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ньхангасан. Тухайн иргэнтэй холбоотой хэрэг өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Лам, бөөгийн шашинтай холбоотой бусдын биед гэмтэл учруулсан явдал бүртгэгддэг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд холбогдох заалт бий. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Ч.Болор